Улсын мөнгө шамшигдуулсан Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын давж заалдан шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Шүүхэд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 150.3-аас зүйлчилсэн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх наймдугаар сард хянан хэлэлцэж жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жилийн хорих ялын биеэр эдлэх шийдвэрийг гаргасан юм. Анхан шатны шүүхийн үеэр яллагдагч Д.Сүрэнхор нь Үйлдвэр худалдааны яамны барилгын их засварын мөнгө болох 73.1 сая төгрөг,”Бөөний худалдаа төсөл”-ийн таван сая, албан хэрэгцээний автомашин, зөөврийн компютер, гар утас зэргийг хувьдаа завшсан болохыг хүлээсэн байдаг. Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлыг М.Алдар даргалж, улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунцэцэг, Ч.Алтанцол нар оролцов.
Н.Түвшин