
Төрийн өмчийн хорооноос уржигдар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд хэн, хэнийг томилсноо мэдээлсэн. Засгийн газраас манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд томоохон төсөл хэрэгжүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх зээл олгож чадахгүй байна хэмээн дүгнэсний үндсэн дээр тус банкийг байгуулахаар болсон билээ. Ардаа төрийг зогсоосон уг банкийг хэн удирдах, ТУЗ-д нь хэн байх зэрэгт өндөр шалгуур тавих хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнээд буй. Ард түмний хөрөнгөөр Монгол Улсыг хөгжүүлэх сан, банк байгуулах гэж байгаа болохоор тэр. Хөгжлийн банкны ТУЗ-д ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуунаас гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороо, ”Эрдэнэс МГЛ” ХХК, “Би-Эф-Эй-Си” ХХК, Монголбанкны Лондон дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл орсон. Мөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч С.Меянатан, “ХААН” банкаар овоглодог Питер Морроу нар байгаа юм. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр “ХААН” банкны гүйцэтгэх захирлын үүргийг олон жил гүйцэтгээд хэдхэн сарын өмнө банкны салбараас хүндтэйгээр үдүүлсэн Питер Морроугийн нэр явааг хараад олон хүн гайхан хүлээж авснаа илэрхийлж байна билээ. Манай улсын банкны салбарт энэ эрхэм заавал байх ёстой юу хэмээх асуултыг ч тавиад байгаа юм. Түүний талаарх хамгийн сүүлийн мэдээлэл нь “ХААН” банкинд ажиллах гэрээт хугацаа нь дуусч, албаа өгсөн тухай байв. Гэтэл тэрбээр энэ удаад төрийн банкийг удирдах эрхийг сэмхэн гартаа авчихав. Уг нь Монголын банкны салбарт Питер Морроу тийм чухал хүн мөн эсэхэд ядаж төр нь хариулт өгчихсан бол гайхахгүй л байсан даа.
Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин