Эрүүл мэндийн даатгалын өөрчлөлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болжээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын зарим хэсгийг төрөөс даах, эмнэлэгийн үйлчилгээг санхүүжүүлэх тогтолцоог өөрчлөх зэрэг олон асуудлыг энэ үеэр хөндөх гэнэ.

Мөн  Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Түүнчлэн хуучин мөрдөгдөж байсан Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, хуулийн хариуцлагыг өндөржүүлж, агнуурыг хариуцсан эзэнтэй болгох тухай зохицуулалт бүхий нэмэлт өөрчлөлтийг мөн хэлэлцэх юм.

Нийслэлийнхэнд хамааралтай хоёр ч хуулийн төслийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд үүнд багтаж байгаа аж.

Үүний дараа Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөнө.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж