
УИХ-аас баталсан тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх бол 10 хувийг дотоодын үндэсний компаниудад нэрлэсэн үнээр арилжаалах юм. Харин 30 хүртэлх хувийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаална. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани нь дараах үүргийг хүлээж буй аж. Үүнд Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулна.
Ордыг ашиглах үеийн төрийн оролцоог толгой компани болон Төрийн өмчийн хорооноос эрх шилжүүлсний дагуу хэрэгжүүлэх, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх.
Ордыг түшиглэн уулын олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах, шаардлагатай дэд бүтэц хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх.
Уурхайн техник, эдийн засгийн үндэслэл болон төсөл боловсруулах, иргэд, аж ахуйн нэгжид компанийн хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах.
Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, олон улсын зах зээлд компаний хувьцааг арилжаалах зэрэг үндсэн үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээж буй юм байна. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өгсөн юм.
Тавантолгойд хөрөнгө оруулагчийг энэ онд багтаан шалгаруулна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан хоёр дахь чухал асуудал нь Тавантолгойн ордод хөрөнгө оруулах компанийг энэ онд багтаан шалгаруулах үүргийг Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэгт даалгажээ. Ажлын хэсэг нь Тавантолгойн ордын тодорхой хэсэгт хамтран ажиллах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг /консерциум/ нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх юм байна.
Мөн дамжин өнгөрөх тээвэр, хөрш орнуудын боомт ашиглалтын талаар яриа хэлэлцээ хийх асуудлаар Засгийн газраас өмнө нь байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, үүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон авч үзэхээр болжээ.
Ингэхдээ ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийн хэмжээний талаар сонгон шалгаруулалтын хэлэлцээний шатанд хэлэлцэж түүнийг шалгаруулалтын нэг нөхцөл болгон тавих юм байна. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой гадаад орны компани болон тэдгээрийн харьяалагдах Засгийн газарт угтуулан тавих нөхцөлийн талаар Засгийн газраас өмнө баталсан тогтоолын дагуу хэлэлцээ хийн, сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан дуусгах юм.