Д.Эрдэнэбилэг: Бөмбөг бөөрөнхий гэдэг шиг даам ч гэсэн бөөрөнхий

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг: Бөмбөг бөөрөнхий гэдэг шиг даам ч гэсэн бөөрөнхий

Улаанбаатар хотноо өнөөдөр нээлтээ хийсэн 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд багтан оролцож буй Д.Эрдэнэбилэгтэй уулзаж, тэмцээний талаар сэтгэгдлийг нь хуваалцлаа. Ази тивийн гурван удаагийн аварга, өдгөө Ази тивд чансаагаараа тэргүүлж буй тэрбээр Монголын оюуны спортын шилдэг тамирчдын нэг билээ.

-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өглөө эхэллээ. Аль орны тамирчид хүчтэй байна, гол өрсөлдөгчид хаанахын тамирчид байна вэ?

-Би хамгийн сүүлд 2003 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байлаа. Түүнээс хойш долоон жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгджээ. Онцолж хэлмээр санагдсан зүйл гэвэл Хятад улсад даамын спорт сүүлийн үед хүчтэй хөгжиж байгаа нь мэдрэгдэж байна. Энэ тэмцээнд Хятадаас 10 хүний бүрэлдэхүүнтэй хүчтэй баг манай улсад ирээд байгаа. Гол өрсөлдөгч гэвэл Хятадын даамчдыг зүй ёсоор нэрлэх байна. Мөн Япон, Лаос, Афганистан, Вьетнам, Камбож болон Тайланд гэсэн орнуудаас шилдэг тамирчид иржээ.

-Гэхдээ энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад зохиогдож байгаа болохоор манай тамирчид нутагтаа өндөр амжилт үзүүлэхэд ихээхэн түлхэц болох байх?

-Тийм ээ. Өмнө нь бид тэмцээнд оролцох гэж тив алгасан явдаг байсан бол удахгүй Азидаа тэмцээнд оролцоод, өндөр амжилт гаргаж, рейтинг, цолоо өсгөх боломж бүрдэнэ гэж бодож байна.

-Эх орондоо болж буй 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

-Мэдээж сэтгэл маш өндөр байна. Монгол улсад ийм том хэмжээний тэмцээнийг зохион байгуулж, бид өөрсдийнхөө нутагт гадны шилдэг тамирчдыг авчирч, тоглоно гэдэг сайхан санагдаж байна. Удахгүй 2011 оны тавдугаар сард ДАШТ болох байгаа. Харин энэ удаагийн манай улсад болж буй тэмцээн дэлхийн аваргын өмнөх бас нэг бэлтгэл болох байх.

-Тэмцээний бэлтгэл хэр байгаа вэ?

-Тэмцээн болохыг анх долдугаар сард мэдсэн. Тэгээд оролцогч тамирчдынхаа нэрсийг гаргаж аваад, хаана ямар тэмцээнд тоглосон, ямар тоглогчтой хэрхэн тоглосон, хэр амжилттай оролцсон гээд судалж үзсэн байгаа. Мөн онолын мэдлэгээ дээшлүүлж, Монголынхоо бусад тамирчидтайгаа хамт нэгдсэн бэлтгэлд гарсан. Ерөнхийдөө бэлтгэл сайн байгаа гэж болно доо.

-Таныг эх орондоо дахин Азийн аварга болно гэж олон хүмүүс итгэж байна. Харин та өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?

-Бөмбөг бөөрөнхий гэдэг шиг даам ч гэсэн бөөрөнхий шүү дээ.  Гэхдээ бэлтгэл сайн байгаа. Түрүүлэх боломж бий.

-Өнөөдөр өглөө тэмцээний эхний өргийн тоглолтууд болсон шүү дээ. Та ямар тамирчинтай тоглов. Хожсон уу?

-Эхний тойрогтоо тэнцсэн байгаа. Монголын даамчин Д.Баттулгатай тоглоод тэнцсэн. Ер нь тэмцээн их өрсөлдөөнтэй, ширүүн өрнөх байх аа.

-Баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж