Улаанбаатар хотноо даамын ААШТ нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотноо даамын ААШТ нээлтээ хийлээ

100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тавдугаар, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээн өнөөдөр 15.30 цагаас МҮОХ-ны байранд нээлтээ хийлээ. Тэмцээний эхний өргийн тоглолтууд өнөөдөр өглөө эхэлсэн бөгөөд нээлтийн ажиллагааны дараа хоёрдугаар өргийн тоглолтууд үргэлжилж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд тамирчид, дасгалжуулагч, шүүгчдээс гадна Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Азийн даамын холбооны ерөнхийлөгч, Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганбямба болон Дэлхийн даамын холбооны төлөөлөгчдөөс бүрдсэн албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Ч.Бат-Эрдэнэ болон тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Ж:Батсуурь нар үг хэлж, эцэст нь Ж.Батсуурь албан ёсоор тэмцээн нээснийг зарласан юм. Нээлтийн ажиллагааны үеэр мөн тэмцээнд оролцож буй бүх даамчдад сертификат, дурсгалын зүйлс гардууллаа.

100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Казахстан, Узбекистан, Афганистан, Вьетнам, Лаос, Камбож болон Монгол улсын нийт 28 даамчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Ази тивд чансаагаараа тэргүүлж буй их мастер Д.Эрдэнэбилэг, дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга, Р.Манлай, спортын мастер Д.Ганболд, эмэгтэйчүүдийн төрөлд Э.Мандахнаран, Ц.Энхзаяа болон Б.Түвшинзаяа нар дасгалжуулагч Т.Пүрэвдоржийн удирдлага дор эх орноо төлөөлөн оролцож байна. Тэмцээний эхний хоёр байрт шалгарсан тамирчид ирэх жил Голланд улсад болох даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Тэмцээний ерөнхий шүүгчээр дэлхийн даамын холбооны шүүгч, дэлхийн зургаан удаагийн аварга, Голландын их мастер Харм Версма ажиллах юм байна.

Нийт дөрвөн хоног үргэлжлэх тэмцээний үеэр буюу маргааш түргэн тоглолтын (блиц) Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас гадна Азийн даамын холбооны ээлжит хурал болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж