Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир АНУ-ын Флорида мужийн Орландо хотноо болох Цагдаагийн дарга нарын олон улсын холбооны 117 дахь удаагийн чуулганд оролцохоор мордлоо. Цагдаагийн дарга нарын Олон улсын холбоо нь 1893 онд байгуулагдсан, дэлхийн хэмжээнд анхдагч хууль хэрэгжүүлэх ашгийн бус байгууллага юм. Тус холбоонд дэлхийн 89 улс, үндэстэн нэгдсэн, 20 мянга гаруй гишүүнтэй, Өмнөд Америк, Европ, Ази, Африк тивд бүс нутгийн салбартай ажээ. Холбооны төв нь АНУ-ын Вашингтон хотод байрладаг, дэлхийн улс, орны цагдаагийн байгууллагын удирдах болон ахлах албан тушаалын ажилтнууд гишүүнээр элсдэг юм байна. Манай улсын цагдаагийн байгууллага 1997 оноос тус холбоотой хамтран ажиллаж, 1999 онд Ази, Номхон далайн бүсийн VII хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байсан юм. Энэ сарын 22-27-нд болох Цагдаагийн дарга нарын олон улсын холбооны 117 дахь удаагийн чуулганы үеэр цагдаагийн ажиллагаанд нэвтэрч буй шинэ арга барил, гэмт хэрэгтэй тэмцэх тэргүүн туршлага, ашиглаж буй шинэ техник технологийн талаарх салбар хуралдаанууд болно. Түүнчлэн цагдаагийн үйл ажиллагаа, тусгай техник хэрэгсэл, ажил алба, сургалттай холбоотой олон улсын үзэсгэлэн гарах юм байна.
Н.Түвшин