Монгол Улсын Санхүүгийн зохицуулах Хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд “Бичил даатгалын зах зээлийн чадавхийг хөгжүүлэх” төслийг Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Төсөл нь ядуу, бага орлоготой иргэдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр эрүүл мэндийн даатгалд хамруулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд эхний ээлжинд УБ хотын хоёр дүүрэг, Увс, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, аймагт хэрэгжихээр болжээ. Саяхан төслийн нээлтийн ажиллагаа Сэлэнгэ аймагт болж, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга, төслийн захирал С.Ганболд төслийн мэргэжилтнүүдтэйгээ ирж, сургалт зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр сургалтанд амжилттай оролцсон арван хүнд олон нийтийн ухуулагч гэсэн гэрчилгээ олголоо. Мөн эрүүл мэндийн бичил даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах зөвшөөрлийг аймгийн “Бодь даатгал”, “Монгол даатгал”, ”Номин даатгал” компаниудад хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.
Даатгалд ядуу, бага орлоготой иргэн гэлгүй хүссэн хүн сайн дураараа дээрх гурван даатгалын байгууллагын аль нэгийг сонгон сар бүр 6200 төгрөг төлөөд,
жилд 500 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй болж байгаагараа онцлог, давуу талтай юм байна.
Р.Бумдарь