УИХ-ын ажлын хэсэг Мардайн ураны уурхайд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2010.02.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын ажлын хэсэг Мардайн ураны уурхайд ажиллалаа

Хуулийн зүйл, заалт зөрчигдөж буй талаар:

Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдын нутагт байрлах ураны ордуудад 1971 онд хайгуулын ажлыг эхэлж, 1974 онд илрүүлэн, 1981 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-Монгол Улсын Засгийн газар хооронд “Монгол Улсын нутаг дээр ураны орд ашиглах тухай” тухай хэлэлцээр байгуулж, 1988-1995 онд нийт 510,6 мянган тн хүдэр олборлосон байна. Гэтэл Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар олборлолт хийгдэж байсан ордуудыг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.3, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1.4. дэх заалтуудыг зөрчин хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эмээлт майнз” ХХК, “Вестерн Проспектор Монгол” ХХК, “Адамс Майнинг” ХХК зэрэг компаниудад олгосон байна. Энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зохицуулалтанд оруулахаар Улсын Их Хурлаас “Цөмийн энергийн тухай хууль”-ийг батлан гаргасан.

Цөмийн энергийн газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохион байгуулах ёстой. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулийн заалтуудыг зөрчин “Эмээлт майнз” ХХК, “Вестерн Проспектор Монгол” ХХК, “Адамс Майнинг” ХХК зэрэг компаниудад улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон нутаг дэвсгэрт хайгуулын 4846Х, 4969Х, 4970Х, 4974Х, 7405Х, 7685Х, 6995Х, 7023Х, 9283Х, 9353Х, 9363Х,3367Х тоот лицензүүдийг хууль зөрчин олгосон гэж үзэж байна.

Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баяндун сумдын нутагт ураны хайгуул хийж буй “Эмээлт майнз” ХХК-ны “Гурванбулаг орд”-ын талаар Тус ордыг 1974 онд нээн илрүүлсэн. 1979-1987 онд нарийвчилсан хайгуулын ажлыг хийж 1988 оны 4 дүгээр сард ЗХУ-ын Улсын Ашигт Малтмалын Нөөцийн Комисс С1 ба С2 зэргээр 5449,4 мянган тонн хүдэр дунджаар 0,188 хувийн ураны агуулгатай 10270 тонн ураны нөөцийг баталсан. 2002 оноос Японы “Адамас майнинг” компани 3367Х бүхий тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаагаа эхэлсэн. 2004-2008 онд “Адамас майнинг” ХХК-ний захиалгаар Канадын “Вестерн проспектор Монголиа” ХХК хөрөнгө гаргаж тогтоосон нөөцийг баталгаажуулах ажлуудыг хийж ирсэн байна. Тухайн бүсэд хэрэгжиж байгаа “Эмээл даваа төсөл”-ийн хүрээнд “Адамс майнинг” ХХК хайгуулын 1, “Эмээлт майнз” ХХК 8, “Вестерн проспектор Монголиа” 3  тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа.

“Гурванбулаг орд”-д “Эмээл даваа” төслийн хүрээнд Төв бүсэд 13820,45 тууш метр, Баруун бүсэд 1752,70 тууш метр, хүдрийн 3 бүсийн 905,5 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Нийт 17 км орчим тууш далд малталт хийсэн, үүнээс 15 орчим тууш км нь 260 м гүнд, бусад нь 200 м гүнд байрлаж байна. 2009 оны 5 дугаар сард Хятадын Үндэсний Цөмийн Корпораци нь /CNNC/ “Вестерн проспектор групп”-ын хувьцааны 69 хувийг эзэмшихээр тохиролцож байсан байна.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт ураны хайгуул хийж буй “Ханресорсиз” ХХК-ийн “Дорнодын орд”-ын талаар:

Тус ордыг 1973 онд нээн илрүүлсэн. Нарийвчилсан хайгуулын ажлыг 1979-1987 онд хийж Дорнодын ордын хүдрийн 2Б, 2В хүдрийн биетэд 5011 мянган тонн хүдэрт дунджаар 0,130 хувийн ураны агуулгатай 6509 тонн ураны нөөцийг баталсан. Мөн хүдрийн 7-р биетийн хил хязгаар дотор С1 ба С2 зэргээр 6272 мянган тонн хүдэрт дунджаар 0,227 хувийн ураны агуулгатай 14221 тонн ураны нөөцийг, хүдрийн 3-р биетэд 1380,2 мянган тонн хүдэрт дунджаар 0,125 хувийн агуулгатай 1724 тонн ураны нөөцийг тогтоосон байна. 2В хүдрийн биетийг /Ордын хамгийн хойд талд байрлана/ ОХУ 1988-1992 онд ил аргаар олборлож байсан боловч хэдий хэмжээний хүдэр авсан талаар мэдээлэл байдаггүй.

1994 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Төв Азийн уран” ХХК-д Дорнодын ордыг ашиглах 237А тусгай зөвшөөрлийн лицензийн “Төв Азийн уран” ХХК-ийн 58 хувийг “Хан резорсиз” ХХК, 21 хувийг ОХУ-ын “Атомредметзолото” ХХК, Монгол Улсын Засгийн газар 21 хувийг Монголын талын хувьцааны хувьд тооцож олгосон.  “Ханресорсиз” ХХК нь 58 хувийг авахдаа тодорхой үүрэг хүлээсэн, өөрийн талын хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгааг Засгийн газраас шалгаж тодорхой дүгнэлт гаргаагүй байна.

“Хан ресорсиз” ХХК нь Канадын компани бөгөөд Дорнодын ураны ордын ашиглалтын 237А тусгай зөвшөөрөл, хүдрийн гол 7-р биетийн хагасыг хамарсан хайгуулын 9282Х тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг.

УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн мэдээ, материалтай танилцаад дараах дүгнэлтийг хийж байна.

1. Дорнодын “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ордуудын геологи, хайгуулын болон уурхай байгуулах ажилд одоогийн байдлаар нийт 450.6 мянган ам.долларын ажил хийгдсэн байгаа бөгөөд үүнийгээ хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад оролцуулан тооцох

2. Дорнодын “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ордуудын нөөцийн талаар хийсэн ОХУ-ын судалгааны ажлуудыг одоогийн хийсэн өрөмдлөгийн үр дүнтэй харьцуулахад ураны агуулгыг багасгасан, хүдрийн биетийн хил хязгаарт ядуу агуулгатай хүдрийг ашиглах нөөцөд оруулаагүйгээс нөөцийн хэмжээг зориуд багасгасан байдал ажиглагдсан. Иймээс ордуудын нөөцийг дахин шинэчлэн тогтоож, үнэлэх, уурхайн дэд бүтцийг сэргээх, шинээр бий болгох зардлын тооцоог гаргаж ирэх

3. ”Төв Азийн Уран” компанид оруулсан Канадын хөрөнгө оруулалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд одоо түдгэлзсэн байгаа 237А лицензийг “Төв Азийн уран” ХХК-иас татан авах

4. Хайгуул хийгдэж, ашиглахад бэлэн болсон Гурванбулаг, Мардай, Дорнодын ордууд дээр Ашигт малтмалын хууль зөрчин олгосон 4846Х, 4969Х, 4970Х, 4974Х, 7405Х, 7685Х, 6995Х, 7023Х, 9283Х, 9353Х, 9363Х, 3367Х  тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох

5. Төрийн өмчийн “Мон-Атом” компанид “Гурванбулаг”, “Мардайн гол”, “Дорнод”-ын ураны ордуудыг шилжүүлэн өгөхөд шаардагдах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийж болох судалгааны ажлыг хийж гүйцэтгэх

6. Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс Мардайн уурхай хүртэлх төмөр замын хувьчлалыг хүчингүй болгож, хувьчлан авсан аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох

ДҮГНЭЛТ ГАРГАСАН:

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ,

УИХ-ЫН ГИШҮҮН                        З.ЭНХБОЛД

УИХ-ЫН ГИШҮҮН                        Х.ЖЕКЕЙ

УИХ-ЫН ГИШҮҮН                        П.АЛТАНГЭРЭЛ

УИХ-ЫН ГИШҮҮН                        Д.ОДБАЯР

УИХ-ЫН ГИШҮҮН                        Д.ХАЯНХЯРВАА

УИХ-ЫН ГИШҮҮН                        Ц.ШИНЭБАЯР

2010.02.19
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж