
Өнгөрсөн өвөл Завхан аймгийн хэмжээнд хүндхэн өвлийг зутруухан давсан ч зуны гурван сар нь дэлгэр сайхан болж өнгөрлөө. Аль хэдийнэ намар болжээ. Ёстой л хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашилсан байна. Ирж буй өвөл ямархуу өвөл болохыг тааж мэдэшгүй юм. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр хаа хаанаа тэр тусмаа малчид маань хадлан тэжээлээ сайн базаасан байна. Учир нь аймгийн Засаг даргын тамгын газраас ажлын хэсгүүд баг болон гарч сумдыг говийн, урд бүсийн, хойд бүсийн гэхчлэн хувааж төрийн үйл ажиллагааг малчдынхаа хотонд хүргэх, малчдынхаа санал хүсэлтийг сонсож ,төрийн олон талын үйлчилгээг хүргэж өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгаж дууссан. Энэ сарын 4-нд говийн чиглэлийн сумдад ажиллаад ирсэн ажлын хэсгийнхэн малчид өвс, хадлан гэхээсээ илүү гар тэжээлийг уламжлалт аргаараа сайн бэлтгэж базаасныг дуулгасан юм. Аймгийн хэмжээнд 16455.6 тонн хадлан, 870.6 тонн гар тэжээл, 2095.2 тонн ногоон тэжээлийг нөөцлөөд байна. Өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн бэлтгэл, нөөцийн дүн мэдээ эцэслэн гараагүй байна.
Б.Мягмарсүрэн