
Ирэх онд Сэлэнгэ аймаг байгуулагдсаныхаа 80 жилийн ой тохионо. Сэлэнгэчүүд ойгоо баяр наадам болгохоос илүү бүтээлч ажил өрнүүлэхэд анхаарч байна. Сүүлийн жилүүдэд сумдаа тохижуулахад анхаарч ажилласнаар харанхуй сум гэж үгүй боллоо. Цагааннуур, Ерөө, Мандал, Баянгол гээд цэвэр цэмцгэр, хүмүүс нь ажилтай сумдын тоо олширч байна. Аймгийн төв Сүхбаатар хотод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолборын ажил эхлээд 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх оны тавдугаар сард хүлээн авна. Мөн Сүхбаатар суманд энэ зун 26 сая орчим төгрөгийн өртөгтэй 1.7 км зам тавигдаж, хотын иргэд, байгууллагууд идэвхийлэн оролцлоо. Хотын төвийн нэгээхэн өндөрлөг хэсэг дээр амралт, зугаалгын томоохон цогцолбор баригдаж байна. Энэ нь дөрвөн хэсгээс бүрдэх агаад Чингис хааны Буур хээрийн тулаан болон Сэлэнгэ аймгийн үе үеийн түүхийг өгүүлсэн байх аж. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Ерөө сумын иргэн Бүтэмж гуайн ур ухаан тус цогцолборыг бүтээн байгуулахад голлох үүрэгтэй байна.
Ж.Бумдарь