Хуучин барилгуудыг буулгахад хууль хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Хуучин барилгуудыг буулгахад хууль хэрэгтэй

Манай улсын ид бvтээн байгуулалт 1950-иад оны үеэс эхэлж, сургууль, цэцэрлэг, номын сан, орон сууцны олон барилгыг ашиглалтад оруулсан. Харин одоо тэдгээрийн өнгө үзэмж, чанар нэлээд муудаж иргэдийн эрүүл аж төрөх эрхийг зөрчиж байна. Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр нийслэл хотод хүчтэйхэн газар хөдлөлт нэг л удаа болоход наад зах нь 200 гаруй барилга нурж унах магадлалтай аж. Энэ эрсдэлд хамгийн түрүүнд орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгууд өртдөг байгаа юм. Харин ийм зайлшгүй шаардлага бий болоод байхад тэдгээрийг дахин барих ажил үр дүнд хүрэхгүй байгааг мэргэжилтнүүд хатуу шүүмжилж байна.

Зөвхөн ХХААХҮЯ-ны эсрэг талд байрлах 42 дугаар байрыг л гэхэд буулгах гэж хоёр жил бол­сон ч өнөөг хүртэл буулгах ажил нь дуусаагүй байгаа юм. Мөн Төрийн ордны зүүн талд байрладаг дээврийг нь хуулсан шар байр сурталчилгааны самбараар халх­луулсан нуранги мэт харагд­саар тав, зургаан жилийн нүүр үзэв. Цаашлаад 40, 50 мянгат, Таван шар орчмын байруудыг ч ашиглалтын хугацаа дуусч, газар хөдлөлтөд тэсвэрлэх чанар нь буурсныг мэргэжилтнүүд хэлж байна. Газар дээр нь яваад очиход гадна хананых нь тоосго ил гартлаа элэгдэж, усны хоолойн орчимд цооролт үүссэн нь шууд нүдэнд тусдаг. Манай иргэд өөрсдөө дур мэдэн ариун цэв­рийн болон угаалгын өрөөнийхөө байрлалыг өөр­чилж засвар хийдгээс болж орон сууцны чанар мууддаг аж. Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлж буйгаар өнөөдөр яаралтай буулгах шаардлагатай 44 барилга байгаа. Эдгээрээс эхний ээлжинд 100 айл орчмын хоёр давхар нийтийн сууц, Нэхмэлийн шар байр, Төмрийн заводын 48 айлын орон сууц, 21 дүгээр хороололд байрлах Мах комбинатын 48 айлын орон сууц зэргийг зайлшгүй буулгах шаардлагатай байгаа гэнэ.

Гэтэл ашиглалтаас гарахад бэлэн болсон эдгээр байр байр­лал сайтай, төвийн халаалтад холбогдсон, эрчим хүчний найд­вартай эх үүсвэртэй уч­раас зах зээлийн үнэлгээ өндөртэй байдаг. Үүнийгээ дагаад иргэд орон сууцаа дахин бариулахдаа өөрсдийнхөө аюулгүй байдлаас илүү үнэ мөнгөний зөрүү хардаг талтай. ХХААХҮЯ-ны эсрэг та­лын 42 дугаар байр гэхэд л дахин барих эсэх асуудал нь одоо болтол шийдэгдээгүй байгаа аж. Учир нь тус байрыг өмчилж байсан иргэд нь өмнөхөөсөө олон өрөөтэй байрыг нэхэж, доод давхарт нь үйлчилгээ эрхэлж байсан эзэмшигчид нь анх тохирсноосоо өндөр шаардлага тавьсан байна. Гэхдээ нөгөө та­лаас ингэж байраа шинэчлэхээр буулгуулах болсон иргэдийг түр амьдрах байраар хангах боломжгүй гэнэ. Дээхнэ үед IV дэл­гүүрийн орчмын байрыг фондын буюу түр байрлах орон сууц болгодог байсан бол одоо ийм байр хаана ч байхгүй аж. Тиймээс иргэд байрыг нь шинээр барьж буй компанид итгэдэггүй ажээ.

Ашиглалтаас гарах болсон орон сууцуудыг дахин барихад ямар асуудал үүсээд буй талаар Нийслэлийн барилга, хот бай­гуулалт төлөвлөлтийн газрын ба­рилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Х.Батбаатараас тодрууллаа.

-Нийслэлийн 3000 гаруй ба­рилгын 30 хувь нь газар хө­длөлтөд тэсвэр муутай байна гэсэн. Тодорхой хэлбэл ямар барилгуудын ашиглалтын хуга­цаа хэтэрчихээд байна вэ?

-Бидний хувьд аль нэг орон сууцны ашиглалтын хугацаа дуусч байна гэж хэлэх боломжгүй. Яа­гаад гэвэл чи нэг орон сууцыг өмчилдөг байлаа гэж бодъё. Тэгээд түүнийгээ зарах гэтэл хэвлэлээр ашиглалтын ху­гацаа дууссан гээд зарлахаар ямар үр дүнд хүрэх билээ. Саяхан нэг эмэгтэй байрны үнэ унагалаа гэж уурлаж орж ирсэн. Тэгэхээр бид шууд тэр, тэр барилгууд гээд зарлачихаж болохгүй байна. Уг нь бид нийслэлд байгаа олонхи орон сууцнуудын чанар, ашиглалтын байдлыг тогтоосон.

-Гэхдээ иргэд аюулгүй орчинд амьдрах ёстой. Тэгэхээр ингээд тогтоохоос өөр зүйл хийхгүй байж болох уу?

-Монгол Улсын Үндсэн хууль болон Барилгын тухай хуулийн 9.1-д  зааснаар хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүр­дүүлж, эрүүл мэндэд сө­рөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангахын тулд олон жил болж байгаа барилгуудыг буулгах ёстой гэдэг юм. Яг энэ хуулийн дагуу буулгах гэхээр Монгол Улсын ямар ч хуульд “Буулгах эрхтэй” гэсэн заалт бай­даггүй. Тэгэхээр хууль эрхзүйн хувьд ямар чадамжгүй болоод бай­гаа юм. Бид сүүлийн хэдэн жил  газар хөдлөлтөд тэсвэргүй бол­чихож гэдгийг нь л тодорхойлж  ажиллалаа. Иймд хууль, эрх зүйн чадамжаа дээшлүүлэхийн тулд хот да­хин төлөвлөх тухай хуулийн төс­лийг боловсруулахыг л хүлээж байна. Одоо найман хүний бүрэл­дэхүүнтэй баг гараад ажиллаж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж