Чеченийн парламент руу гал нээв

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Чеченийн парламент руу гал нээв

Өчигдөр өглөө Чеченийн парламентын ордон руу зэвсэгт бүлэглэл довтолж зургаан хүнийг хөнөөж, 17 хүнийг шархдуулсан байна. Лалын уриа орилсон гурван хүн өглөө ажилдаа ирж байсан төрийн түшээд рүү гар бөмбөг шидэж, буудаж нээсэн байна. Энэ үеэр хоёр хамгаалагч мөн нэг албан тушаалтан амь үрэгджээ. Ордон дотор байсан төрийн түшээд азаар аюулаас зугтаж чадсан байна. Энэхүү халдлагын дараа Европын холбоо болон АНУ-ын зүгээс терроризмын эсрэг хамтран тэмцэхийг хүссэн байна.
Зэвсэгт халдлагыг үйлдсэн гурван этгээд сөрөг галд газар дээрээ амь үрэгдсэн аж. Шинжээчдийн зүгээс нийслэл Грозный хотод болсон энэ үйл явдал Чеченийн байдал тогтворгүй байгааг харуулж байна гэжээ.
Зэвсэглэсэн этгээдүүд орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 45 минутанд дайрсан байна. Тэдний нэг нь тэсрэх бөмбөг зүүн амиа золиосолсон бол хоёр нь хамгаалагчидтай буудалцан дотогшоо нэвтэрчээ. Тэд “Аллах Акбар” буюу “Бурхан бол агуу” хэмээн орилж байсан аж.
Халдлагын дараах гэрэл зургаас харахад парламентын ордны хэд хэдэн өрөө сум болон дэлбэрэлтэд өртсөн байжээ.
Чеченийн парламентын хэвлэлийн төлөөлөгч Зелим Яхихановын хэлснээр албан тушаалтнууд гуравдугаар давхар руу зугтаж, амь аврагдсан байна.
Дайралтад өртөж, амиа алдсан энгийн иргэн болон цагдаагийн ажилтнуудын гэр бүлийнхэнд нэг сая рубль /33 мянган ам.доллар/, харин шархадагсадад 400 мянган рублийн нөхөн олговор олгох аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж