УИХ байнгын ажиллагаатай парламент мөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

УИХ байнгын ажиллагаатай парламент мөн үү?











Монгол Улсад байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд
УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс өчигдөр “Монгол Улсын байнгын
ажиллагаатай парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол практикийн бага хурлыг
Төрийн ордонд зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр
гавьяат хуульч, доктор профессор Б.Чимэд УИХ-ын гишүүн Р.Гончигдоржид хандан
“Монгол Улсын Их хурал байнгын ажиллагаатай парламент мөн үү” гэдэг асуултыг
тавив. Эрхэм гишүүн дээрх асуултад хариулахдаа “Цаг хугацаа, УИХ-ын гишүүний үйл
ажиллагаа талаас нь үзэхэд байнгын ажиллагаатай парламент гэж хэлж болох юм. Гэхдээ
сайн мэдэхгүй байна.  Таны байр суурийг
сонирхоё гэв.  Гавьяат хуульч хэлэхдээ “Парламентыг
зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд байнга ажиллаж байх хэрэгтэй. Манай парламент
нэг жилийн 100 орчим хоногт хуралдана гэсэн хуультай. Энэ хүрээнд бодоход байнгын
ажиллагаатай  биш болчихоод байгаа юм. Яагаад
гэвэл парламентын үйл ажиллагааны үндсэн хэлбэр бол чуулган.  Чуулган гэдгийг нэгдсэн хуралдаан гэж ойлгоод
байна. Тийм биш. Парламент өөрөө бүхэлдээ түүний байнгын хороо бусад нэгжүүд асуудал
хянан хэлэлцэж, урьдчилсан буюу эцсийн байдлаар шийдэж байгаа энэ хэлбэрийг чуулган
гэнэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан,
намын бүлгүүдийн хуралдаан энэ бүгд нийлээд чуулган болно. Парламентын тогтолцоог
жинхэнэ ёсоор хөгжүүлье гэвэл чуулганы хооронд байнгын хороо хуралдаж болдоггүй.
Учир нь чуулган нээдэг хаадаг.  Тэр хугацаанд
л байнгын хороод хуралдаж байх ёстой. Тэгэхгүй бол нэг юмуу хоёр гурван байнгын
хороо нийлээд төрийн эргэлт хийх бололцоотой. 
Үүнийг бодолцоогүй. Тухайлбал, Сингапурт 
парламентын завсарлага ердөө 40 хоног байдаг. Бусад үед ажиллана. парламентын
засаглалтай байна гэдэг улс орны өдөр тутмын ээдрээтэй асуудлыг парламент шийдэхэд
бэлэн байх ёстойг хэлдэг юм.  Шүлхий гарлаа
гэхэд ямар аргаар хамрах хүрээг нь зогсоох 
вэ, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ гэдгийг парламент шийдэх ёстой.  Тийм учраас байнгын ажилладаг тогтолцоонд шилжих
нь язгуур асуудлын нэг. Өөр нэг хэлэх зүйл нь парламент шийдвэр гаргаад орхих биш
хойноос нь хөөцөлдөж, баталсан хууль ард түмэнд юу өгч байна, амьдралд хэр нийцэж
байна вэ гэдгийг олж мэдэж цаг тухай бүр нь хэлэлцэж байх шаардлагатай” гэв. 

Мөн энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монголын
ажл олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар саналаа
хэллээ.  Монгол Улсад байнгын
ажиллагаатай парламент байгуулагдсан 20 жилийн хугацаанд хувийн хэвшил хөгжин,  эрийн цээнд хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний
80 орчим хувийг үйлдвэрлэх болсон нь УИХ-аас баталсан бодлого шийдвэрийн үр дүн
гэдгийг онцлов. Харин Улсын Бага Хурлын гишүүн асан, УИХ-ын  Тамгын газрын судалгааны төвийн ахлах судлаач Ц.Товуусүрэн
өөр бодолтой явдгаа хэлэв. Тэрбээр “1992 онд парламентаар Сонгуулийн хуулийг  баталснаас хойш өнгө заслын төдий засвар хийж
ирснээс өөр нэмэлтийг хуульд хийгээгүй гэж шүүмжиллээ. Мөн өнгөрсөн хугацаанд  можаритор системээр таван удаа сонгууль явуулсан
ч  түүгээр сонгогдсон гишүүд ард түмнийг бүрэн
төлөөлж чаддаггүй гэж үзэж байгаагаа хэлэв. Мөн судлаачдын хэлж буйгаар пропорциональ
систем ч өөгүй өндөг шиг бүтээгдэхүүн биш аж. 
Тод жишээ нь саяхан болж өнгөрсөн Киргизийн сонгууль харуулах гэнэ.  Тус сонгуулийн үр дүнд улстөрийн дөрвөн
нам  парламентад суудалтай болсон.  Гэвч дөрвөн нам нийт ард түмний 34 хувийг л
төлөөлж буй юм байна.  Тиймээс сонгуулийн
тогтолцооны давуу талуудыг судалж байж Сонгуулийн хуульдаа салхи оруулахгүй бол
яаран дааран шийдвэрлэх нь олон сөрөг үр дагаварыг дагуулна гэж үзэж байна.

Онол-практикийн бага хуралд
УИХ-ын гишүүд, улстөр судлаачид, эрдэмтэн мэргэд оролцлоо. Дашрамд сануулахад, энэхүү бага
хуралд оролцогчдоос гавьяат хуульч, доктор профессор Б.Чимэд “Парламентын хяналтын
зарим асуудлууд”, УИХ-ын Тамгын газрын дарга, гавьяат хуульч Ц.Шаравдорж “Парламентын
үйл ажиллагаанд Тамгын газрын үүрэг” сэдвээр,  УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Монгол Улсын
парламентын түүхэн хөгжил” сэдвээр УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Парламент ба төрийн
төрийн институци хоорондын харилцаа” сэдвээр тус бүр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн
юм.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж