
Монгол Улсын төлбөрийн картын бэлэн бус гүйлгээний 50 орчим хувийг дангаараа эзэлдэг Голомт банк болон сүлжээний дэд гишүүд болох Хас банк, Төрийн банк, Капитрон банкууд “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-нд аравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нэгдээд байна. Ингэснээр “Нэг карт-Нэгдсэн сүлжээ” үйлчилгээ иргэн бүрт хүрэх боломж нээгдэж буй юм. “Нэг карт-Нэгдсэн сүлжээ”-г бий болгосноор иргэдэд учирдаг бэлэн мөнгөний эрсдэл багасаж, банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай болж бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсөх юм байна. Энэхүү нэгдсэн сүлжээг байгуулахад ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитал банк, Улаанбаатар хотын банк, Хас банк, Төрийн банк, Капитрон банкныхан ихээхэн санаачлагатай ажилласан байна. Цаашид Монголбанкны зүгээс “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-ний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах тал дээр илүүтэй анхаарч, Монгол Улсын үндэсний брэнд төлбөрийн картыг гаргах зорилт тавьсан байна.
Д.Цэцэн