Монгол түмний билигшээдэг морин цагт/12.00 цагт/ Монгол Улсын Их хурлын хүндэтгэлийн хуралдаан болох юм. Хүндэтгэлийн хуралдаанд үе үеийн парламентын гишүүд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцоно. Үдийн 13.00 цагт Монгол Улсын Их хурлын дэргэд байгуулагдсан Цахим архивын нээлтийн ажиллагаатай бол 13.30-14.00 цагийн хооронд Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөх, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болох юм байна.
14.30-15.20 цагийн хооронд Монгол Улсын парламентын түүхийн хөгжлийг харуулсан музейн нээлт, гэрэл зурагчдын үзэсгэлэнгийн нээлт зэрэг болох аж. Дараа нь Улсын филармонийн концертын их танхимд 20 жилийн ойд зориулсан тоглолт болж, төр засгийн удирдлага, парламентын гишүүд үзэж, сонирхох юм байна. Харин 20.00 цагт Их тэнгэр цогцолборын “Хатан туул” харшид хүндэтгэлийн хүлээн авалт болж, энэ өдрийн баярын арга хэмжээг албан ёсоор өндөрлүүлэх ажээ.