
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачилгаар Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 18 дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Уралдаан Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит болдгоороо онцлог билээ. Энэ жилийн хувьд уралдаанд есөн дүүргийн 91 сургуулийн 6000 гаруй сурагч оролцжээ. Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй, ЕБС-иудын хөгжмийн хичээлийн сургалтын төвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог гэлтэй.
Ингээд наадмын дүнг танилцуулъя. Тус наадмын нэгдүгээр байрт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль, хоёрдугаар байрт Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургууль, гуравдугаар байрт Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн сурагчид авьяас билгээрээ шалгарсан байна. Мөн тусгай байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор, “Д.Лувсаншаравын нэрэмжит шагнал”-аар Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, “Шилдэг удирдаач багш”-аар Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн хөгжмийн багш Л.Энхцэцэг, “Шилдэг аранжровшик багш”-аар Баянгол дүүргийн Оюуны ундраа сургуулийн хөгжмийн багш Г.Даваацэрэн нар тодорчээ. Уралдааны анхан шатны шалгаруулалтыг дүүрэгтээ амжилттай зохион байгуулж, нийслэлийн шалгаруулалтад сургуулиудаа амжилттай зохион байгуулж оролцсон дүүргийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнийг энэ үеэр мөн шалгаруулдаг бөгөөд энэ удаагийн шагналын эзнээр Баянгол дүүргийн Нийгмийн хэлтсийн мэргэжилтэн Г.Сурахбаяр тодорчээ. Мөн энэ жилээс байнгын бэлтгэл сургуулилттай амжилттай оролцдог сургуулийг зохион байгуулагч байгууллагын шагналаар шагнадаг болсон бөгөөд тус шагналын эзнээр Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль шалгарсан байна.
Г.Даша