
Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ой, нийслэлийн өдрийг тэмдэглэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан томоохон 25 ажлаас өнөөдрийн байдлаар нийслэлийн Хөдөлмөрийн газар мянган оюутан оролцсон их цэвэрлэгээ хийх, хөдөлгөөнт бирж, хөдөлмөрийн нэгдсэн яармаг ажиллуулах, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, Хөдөө аж ахуйн газар төслийн зээлд нь дэмжлэг үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргах, Захирагчийн ажлын алба, Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн нэгж Толгойт голын далан суваг, Дамбадаржаа, Дарь-Эхийн гэр хорооллын усан хангамжийн шугам сүлжээг ашиглалтад хүлээлгэн өгөх зэрэг нийт 12 ажлыг хийжээ.
Нийслэлийн өдөр угтаж зарласан тохижилтын болзлын нэгдүгээр үе шатны шалгаруулалтын талаар авч хэлэлцлээ. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналд үндэслэн хэвлэл, мэдээллийн байгууллагууд хийснийг уг уралдааныг дүгнэх ажлын хэсэг авч хэлэлцээд энэ сарын 18-21-ний өдрүүдэд хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийж дүнг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулах юм. Өчигдрийн байдлаар хотын хөрөнгө оруулалтаар хийгдсэн гэрэлтүүлэгийн ажлын гүйцэтгэл 60.0, харин тохижилтын ажил 100.0 хувьд хүрчээ. Баянзүрх дүүргийн ЗДТГ энэ онд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нартаа үзүүлж, танилцуулжээ.
Дүүргүүд 2010 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтоор хийгдсэн эд зүйлс, хөрөнгийг хүлээн авч, бүртгэх комиссыг есдүгээр сарын 15-наас ажиллуулж байгаа ба ирэх онд тохижуулах объктуудаа сонгож улмаар зургийн захиалга өгөх,төсөв зохиох бэлтгэлээ хангаж байна.
Намрын тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Ногоон өргөө” төрийн бус байгууллагынхан төсөл хэрэгжүүлж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Жуулчны гудамжинд үрслэгээ, тарьсан модны үзэсгэлэн худалдаа явуулсан ба цаашид Сэлбэ голын хамгаалалтын бүсийг ойжуулахаар төлөвлөсөн, “Амьд байгаль” төслөөс Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Бумбатын рашааны орчимд 29.0 га талбайг хамгаалан эко бүс болгож байна.
Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг “Иргэдийн талархлын өдөр”-ийн баяраа өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэсэн, хороод иргэдийн баяраа хийж байгаа, Налайх дүүрэг бүх байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд урлагийн наадам зохион байгуулсан бол Сонгинохайрхан дүүрэг энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхдээ хороо бүрээс шилдэг арван иргэнийг оролцуулан дүүргийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлаа танилцуулах, иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн Газрын алба “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн”-д уламжлалын дагуу мод тарьсан, нийслэлийн өдрийн өмнө Сүхбаатар дүүргийн Газрын албанд “Цахим мэдээллийн цэг”-ийн үйлчилгээ нээхээр бэлтгэлийг хангасан, Мэргэжлийн хяналтын газар “Хяналт шалгалтад иргэдийн оролцоо” сэдэвт ажлыг хяналтын чиглэл бүрээр явуулж байгаа ба газрын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг нийслэлийн агентлагуудын дунд зохион байгуулсан, Нийгмийн даатгал , Эрүүл мэндийн газар хамтран ахмад настнуудыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилсэн зэрэг ой угтсан бүтээлч ажлууд зарим агентлаг, харъяа газруудад өрнөж байна.
Нийслэлийн өдөр угтаж нийслэл, дүүрэг, агентлаг, харъяа газруудаас хийсэн ажлын талаар “Сайхан амьдрал- Сайхан хот” цуврал нэвтрүүлэгийг UBS-1 телевизийн суваг өдөр бүр давтамжтайгаар явуулж байна.
Мэргэжлийн хяналтын газар мэдээлэлд нэр дурьдагдсан 57 байгууллагын үйл ажиллагааг зогсоохын дээр улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байхад ус, дулаан, цахилгааны зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцож, улсын байцаагч эрхийнхээ дагуу арга хэмжээ ногдуулах талаар өгсөн үүрэг даалгавар хангалтгүй байгааг онцоллоо. Улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байхад үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүний барилга, байгууламжуудыг цахилгаан, дулаан, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангахгүй байх тухай албан тоотыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХХК, Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газруудад тус тус явуулжээ. Харин тус газрын улсын байцаагч нар зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцоогүй байна.
Шуурхай зөвлөгөөн нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэлийг авч хэлэлцээд урьд онуудтай харьцуулахад хүндрэл бэрхшээл багассаныг тэмдэглэлээ. Энэ жил Халаалтын зуухны ашиглалтын газрын харъяа халаалтын олон зууханд засвар, шинэчлэлийн ажил хийснээс өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн УСТ-15 халаалтын зуухын шинэчлэлийн ажил 90.0 хувьтай учир тэндхийн байруудыг нөөц зуух галлан дулаанаар хангаж байгаа аж.
Нийслэлийн Агаарын чанарын албанаас агаарын бохирдлыг бууруулахаар хийж байгаа ажлын мэдээллээс үзэхэд энэ сарын 14-ны байдлаар нийт 30 цэгт үртсэн шахмал түлш 2695, нүүрсэн шахмал түлш 616 тонныг нийлүүлжээ. Харин хагас коксжуулсан түлшний Шарын гол энерги, Нако ХХК-ны үйлдвэрүүдийн түлш гараагүй, үртсэн шахмал түлш үйлдвэрлэх найман аж ахуйн нэгжээс Хялганат хангай ХХК-ны үйлдвэр ажиллаагүй байна. Улаанбаатар бизнес хөгжлийн төв өөрийн үйлдвэрийн түлш борлуулахыг хүссэн иргэдийн бүртгэлийг хороо, дүүргээр шинэчлэн авч цэгийн тоог нэмэгдүүлжээ.
Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хороодод түлш нийлүүлэх гэрээт дөрвөн компианаас Төгрөг нуурын энержи, Нако, Мон тос хөгжлийн санаачилга сан 10 дугаар сарын 14-ны байдлаар түлш нийлүүлэлт хийгээгүй, сурталчилгаа явуулаагүй байна.