
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган хүний зам” арга хэмжээний хүрээнд 77 байршлаас 55-д нь газар чөлөөлөөд байгаа аж. Үлдсэн 22 байршлыг энэ ондоо багтаан дуусгана гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч. Бат Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөний үеэр танилцууллаа. Явган хүний зам хаасан, чингэлэг бүхий газруудыг чөлөөлснөөр иж бүрэн тохижуулсан, орчин үеийн стандартын шийдэл бүхий зам тавьж байна гэлээ. Дээрхи чөлөөлөгдсөн газраас 36 газарт нь явган хүний зам тавихаас 18 нь бүрэн дуусчээ. Түүнчлэн энэ үеэр мод тарих бүх нийтийн өдрийн талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрийг мод тарих бүх нийтийн өдөр болгосон. Нийслэлийн 6 дүүрэгт 17600 хүн энэ арга хэмжээнд оролцжээ. Энэ жилийн намрын тохижилтын ажилд хотын удирдлагуудаас иргэддээ барьж буй том бэлэг нь гэрэлтүүлэг болон гэрлийн шон дээр аалзны тор шиг хэрсэн кабель утсуудыг цэгцлэх явдал байх юм. Одоогийн байдлаар баруун, зүүн дөрвөн зам, их, бага тойруу дахь гэрлийн шон дагасан кабелийг цэгцэлээд байгаа аж. Тун удахгүй Улаанбаатар хот төрсөн өдрөө тэмдэглэнэ. Энэ баярын өмнө нийслэлийн төр захиргааны байгуулагуудад ажилладаг бүх албан хаагч нар бүх нийтийн цэвэрлэгээнд оролцож, хотоо цэвэр цэмцгэр болгох талаар хотын ерөнхий менежер үүрэг өглөө.
Б.Ариунаа