“City Cup” боулингийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

“City Cup” боулингийн тэмцээн болно

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Big Bowling” төвөөс хамтран боулингийн шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 24-31-ний өдрүүдэд “Big Bowling” төвд үргэлжлэх энэхүү тэмцээний шагналын сан таван сая төгрөг бөгөөд тэргүүн байрт шалгарсан баг шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл мөн хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Харин хоёрдугаар байрын эзэд 1,5 сая, гуравдугаар байрт шалгарсан баг тамирчид нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх ажээ. Түүнчлэн найм хүртэлх тусгай байрын шагналтнуудыг тодруулж, мөнгөн шагнал гардуулах юм. Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчийг шалгаруулж, ADIDAS брэндийн иж бүрэн хувцсаар шагнах гэнэ.
Тэмцээний эхний ээлж буюу аравдугаар сарын 24-нд Сүү ХК, Монголын Дартсын холбоо, Одод телевиз, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Дулааны 3-р цахилгаан станц, Монос групп, Иргэний нисэхийн ерөнхий газар, Таван Богд групп, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Дулааны шугам сүлжээ ХХК, М-Си-Эс электроникс компаниуд эцсийн шатны төлөө өрсөлдөх бол 30-нд Сүрүга Монгол ХХК, Монголын триатлоны холбоо, Top Floor ХХК, Хас банк, Бимекс ХХК, АПУ ХК, Мобиком корпораци, Эрнэст энд Янг аудитын байгууллага, Мосдак ХХК, Газрын тосны газар, Магнай трейд, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын цахилгаан холбоо ХК эцсийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөх ажээ. Тэмцээний хоёр тоглолтын нийлбэр дүнгээр эхний шатны ээлж бүрээс 7, 7 баг шалгаруулж, эцсийн шатны тэмцээнд оролцуулах юм. Ингэхдээ хэвлэл, мэдээллийн салбарынхны дунд зохиогдсон тэмцээнээс шалгарсан ТВ-9 телевиз болон NTV телевизийн багуудын хамт эцсийн шатанд нийт 16 баг аваргын төлөө өрсөлдөх ажээ.
Тэмцээний онцлог нь урьд өмнө ийм өргөн хүрээнд олон нийтийг хамарсан боулингийн тэмцээн зохион байгуулж байгаагүй ба “City Cup” тэмцээн анхны томоохон төдийгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах, шагналын сан өндөртэй тэмцээн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж