
-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал хураалтыг дахин нууцаар явуулсан. Бүлэг үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлаар манай бүлгийн гишүүд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Хоёр хуулийн асуудал тайлбар хүлээгээд байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд ямар зүйл дээр илээр санал хураадаг, юун дээр нууцаар санал хураадаг вэ гэдэг их ойлгомжтой туссан. Тэгэхээр гишүүнээс гаргасан горимын саналаар Үндсэн хуулийн заалтыг давж гарна гэвэл Үндсэн хуулиа яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нөгөөтэйгүүр, УИХ нууцын зэрэглэлтэй асуудлыг хаалттай хэлэлцдэг ч, санал хураалтыг бол илээр явуулж ирсэн, олон жилийн туршлага шүү дээ. Гэтэл энэ жишгээ яагаад гэнэт өөрчлөв гэдэг бас нэг асуудал бий. Энэ бүхэнд өнөөдрийг хүртэл итгэл үнэмшил төрөхүйц хууль зүйн тайлбар хийхгүй байгаа атлаа асуудлыг яагаад өөрөөр шийдэх гээд байна вэ. Хэрвээ Үндсэн хуулийн заалтын дагуу, өмнөх жишгээрээ асуудлыг шийдэхгүй бол Ардчилсан намын бүлэг бүрэн эрхийнхээ хүрээнд завсарлага авахаас аргагүй. Өөр гарц харагдахгүй байгаа.
Г.Дарь