Сангийн сайд гишүүдийг дүгнэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Сангийн сайд гишүүдийг дүгнэхгүй

УИХ-ын гишүүн З.Энхболдыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Оюутолгойн техник, эдийн засгийн үндэслэлийг засвартай ч гэсэн хүлээж авлаа. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн үүнээс өмнө “Бид улс төрийн дүгнэлт л гаргана. Техникийн чанартай жижиг зүйлсийг мэдэхгүй учраас та нар батал” хэмээсэн. Асуудлыг өөр өнцгөөс харж буй улстөрчдөд энэ нь шүүмжлүүштэй мэдээлэл биз дээ?

-Ер нь ийм шүү дээ. УИХ Засгийн газарт тодорхой нөхцөл заах замаар гэрээ хийх эрх шилжүүлж өгсөн. Түүнээс биш Засгийн газар хийгээд байдаг ч гэрээ биш. УИХ гэрээний төслийг баталж, сайд нар гарын үсэг зурах хууль зүйн зохицуулалттай. Гэтэл одоо ямар асуудал хөндөгдөж байна вэ гэвэл, Засгийн газар УИХ-ын баталж өгсөн хүрээнд гэрээ хийв үү, үгүй юү гэдгийг л ярьж байгаа. Миний болон хэсэг гишүүний бодлоор, тэр зарчмаар хийгээгүй.

-Гэхдээ “Галт тэрэг” хөдөлчихлөө шүү дээ. “Гэрээ хүчин төгөлдөр боллоо” хэмээгээд хавтсыг нь хаачихлаа?

-Уг нь дөрөвдүгээр сарын 6 буюу өчигдөр хүчин төгөлдөр болох байсан гэрээ л дээ. Тэгж яарах хэрэггүй байсан юм. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолыг үнэхээр биелүүлсэн эсэх талаарх дүгнэлтийг УИХ гаргахаас биш хэрэгжүүлэх үүрэгтэй газар нь “Биелүүлсэн” гэсэн нь “Та нар өрвөлзөөд байх хэрэггүй. Баяртай” хэмээгээд явж байгаатай адилхан.

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг “Ёстой сайн гэрээ болсон” гэж буй нэг хэсэг байхад “Маш муу” гэх хүмүүс бий. Харин та?

-Сайн, муу дүн тавьдаг нь би биш. Сайн, муу гэдэг нь өөрийн тань хэлснээр цэвэр улстөрчийн дүгнэлт байх. Би бол УИХ гэдэг байгууллагаас өгсөн эрх, хэмжээний хүрээнд гэрээг хийсэн үү, үгүй юү гэдгийг шалгаж буй УИХ-ын гишүүн. Гэхдээ нэг хэсэг нь сайн, нөгөө хэсэг нь муу гэж болно шүү дээ. Гэвч тийм дүгнэлт өгөх боломжгүй. УИХ-ын нэр бүхий 12 гишүүний хөндсөн асуудал бол Засгийн газрын байгуулсан гэрээ нь УИХ-ын тавьж өгсөн хүрээ, хязгаарлалт дотор байна уу, аль эсвэл халиад явчихав уу гэдэг маш энгийн зүйл юм.

-Сүүлийн үед “Монголын тал 34 хувиа хүүтэй эзэмших нь. Жилд 816 сая ам.долларын ашиг олно гэж буй ч ачир дээрээ 30 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгийн хүү төлнө” гэх шүүмжлэл дуулдах боллоо. Үнэхээр бид хууртчихлаа гэж үү?

-“УИХ-ын 57 дугаар тогтоолыг заавал биелүүл” гэж бид яагаад шахаж байгаа гээч. Олонхиороо шийдчихсэн зүйлийг Засгийн газар дураараа өөрчилж болохгүй учраас л тэр. Тогтоолыг биелүүлэх хэрэгтэй. Бид бодитой, материаллаг хэр хэмжээндээ л ярина уу гэхээс “34 нь бага байна. 340 хувь байвал сайн байх байсан” гэдэг хэмжээ хязгааргүй “юм” ярихгүй байгаа.

-УИХ-ын нэр бүхий гишүүдийн тавьсан шаардлагыг Сангийн сайд С.Баярцогт “Улстөржсөн дүгнэлт” гэсэн байна билээ. Танаас энэ үгийн хариултыг сонсъё?

-Дүгнэлт өгдөг хүн нь Сангийн сайд биш л дээ. УИХ Засгийн газрыг томилдгийн хувьд өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн биелүүлж вэ гэдгийг үнэлж, дүгнэдэг байгууллага. Өөр хэн ч орлож чадахгүй. Тэр талаар комментари хийж болохгүй.

-Нэг зүйлийг гайхаад байх юм. Техник, эдийн засгийн үндэслэлийг засвартай хүлээж авна гэдэг нь байж болох үзэгдэл мөн үү?

-Яах вэ, яамны мэдэх ажил. Миний хувьд, шаардаж буй бас нэгэн зүйл бол Оюутолгойн гэрээ УИХ-аар батлагдах үедээ эрхэм гишүүдэд танилцуулсан танилцуулга шигээ хэрэгжих ёстой. “Улаанбаатар хотын захиргаанд жилд 12 тэрбум төгрөг өгч, 180 мянган төгрөгийн цалинтай 3000 ажлын байр бий болгоно” гэж яриад байна шүү дээ. Та нар тэр үеийн бичиг баримтыг үзээд шалгачихаарай. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх үед юу гэж танилцуулсан бэ гэвэл “Оюутолгой төслийг хэрэгжүүлэх эхний таван жилийн хугацаанд жилд 10 мянган хүн ажилтай болно” гэсэн. Манай улсын хуулиар тэд 10 мянган хүний 9000 нь монгол ажилчид байх ёстой байлаа. Гэтэл Засгийн газар үүнийг өөрөөр шийдэж, “90 хувь гэвэл арай хэтэрч байна. Жаран хувь нь монгол ажилчид байвал болно. Уурхай ажиллаж эхлээгүй байх үеийг бид уурхай гэж тооцохгүйгээр энэхүү хувийг багасгалаа” гэдгээ мэдэгдсэн. Би тэр үед “Энэ чинь болохгүй” гэж хэлсэн боловч олонхиороо 60 хувийг зөвшөөрчихсөн шүү дээ. Жаран хувь гэдэг бол 6000 ажилчин, тийм үү. Тэдний 3000-ыг “Та нар Оюутолгой руу очих хэрэггүй. Улаанбаатартаа байгаад 180 мянган төгрөгөөр гудамж шүүрдээд байж бай” гэж хэлж байна. Уг нь 6000 монгол залуу Оюутолгойд ажиллавал лав л 180 мянган төгрөгийн цалин өгөхгүй байх. Явцын дунд ингэж зангаа хувиргаж болохгүй. Амласан бол амласан байх ёстой. “Оюутолгойд очилгүй Улаанбаатарт хог шүүрдэж байгаа 3000 хүний оронд хэн ирэх гээд байгаа юм” гэдэг асуудал л байна.

-“Хөрөнгө оруулалтын гэрээний эцсийн үр дүнг 30 жилийн дараа биш, 15 жилийн дараа үзье” гэх улстөрчид гарч ирлээ. Тийм л байсан юм бол яах гэж 30 жил гэсэн юм бэ?

-Уг нь сайн төсөл тийм олон жил болох ёсгүй. Хөрөнгө оруулалтаа маш богино хугацаанд нөхөж, олон жил үр ашигтай ажиллана. УИХ-д юу гэж танилцуулсан, тэр хэвээр хэрэгжвэл болохгүй гэх зүйлгүй. Гэтэл одоо танилцуулга нь нэг өөр. Бодит байдал нь бас өөр болоод ирлээ. Тэгээд нэг их гайхамшигтай “юм” хийчихсэн мэт рекламдаад байх хэрэггүй. Онигоо мэднэ биз дээ.

-Ямар?

-Бурхны тухай.

-Мэдэхгүй?

-Нэг нөхөр насан туршдаа замбараагүй амьдарч, архи, дарс уудаг байж л дээ. Гэтэл бурхан ирээд “Чи одоо ийм сайхан газар очно” гэж баахан “юм” ярьсан ч тэр нөхрийг тамд хуваарилчихсан аж. Мань хүн бурханд “Энэ чинь ийм муухай газар байсан юм байна шүү дээ” гэж хэлтэл “Наадах чинь рекламный пауз байсан байхгүй юу. Үнэн байдал чинь өөр” гэж хуурсантай адил явдал сая боллоо. Ер нь там бол там. Диваажин бол диваажин.

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг та ажиглав уу. Тэд улстөрчдийн нөлөөнд хэр автав?

-Би тийм жижиг “юм”-ыг ерөөсөө мэдэхгүй. УИХ тэднийг томилдоггүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь улс төрөөс хол, цэвэр мэргэжлийн байгууллага байх ёсой. Үнэхээр тэгж ажиллаж чадаж байна уу, эсвэл улстөрч сайдынхаа үгэнд орж, ажлаа муу хийж байна уу гэдгийг би үнэлж, дүгнэх боломжгүй.

-Тэгвэл Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийсэн Монголын гурван сайдад үнэлэлт, дүгнэлт өгөх боломж бий биз дээ?

-Тэр гурван сайдыг хуулиар бичээд өгчихсөн юм. Тэд УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын хүрээнд ажлаа явуулахаас биш, түүнээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж болохгүй.

-Техник, эдийн засгийн үндэслэл нь “Ок” болоогүй байхад “Рио Тинто”-той холбоотой ноцтой мэдээлэл цацагдлаа. Монголын тал “Бид дотоод нөхцөл байдлаа тогтвортой байлгах хэрэгтэй” гэж байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулагчдаа тандах цаг болоо юу даа?

-“Рио Тинто” Монголын талын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээд явж байвал тэнд юу болж байгаа нь бидэнд сонин биш.

-Гэвч тэд хүлээсэн үүргээ биелүүлэхээр хүмүүс үү?

-Лав л 6000 хүн ажиллуулах үүрэг нь замхрах тийшээ явж байна. Энэ бол зүгээр эхнийх нь.

-Оюутолгойн гэрээ тойрсон хэл ам намжаагүй байхад Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх нь. Та асуудлыг хэрхэн урьдчилан харж байна вэ?

-Тавантолгойн тухайд би их хялбархан зүйл бодож байгаа. Оюутолгой бол хэцүү. Бид гүний уурхайг ашиглаж байсан туршлага муутай. Худлаа хэлэх хүнд Тавантолгойд хөрс хуулалт хийлтгүй. Тэнд маш сайн чанарын нүүрс бий. Тэдгээрийг ухаж, гаргаад хил хүргээд өгчих чадвар монголчуудад байна. Багануурыг хэдэн жил ч ажиллуулчихав даа. ТЭЦ-4-ийг байгуулагдахаас өмнө байгуулсан гэж тооцвол 20-30 жил ажиллаж байна. Ил уурхай ажиллуулах туршлага бидэнд бий. Аль ч улс орныг үндэсний томоохон компаниуд нь чирч, жижиг, дунд үйлдвэр нь араас нь чирэгдэж явдаг л даа. Өмнөд Солонгосын жишээнээс харвал, “Хьюндай”, “Самсунг” зэрэг корпораци эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том үйлдвэртэй учраас жижиг эд, анги нийлүүлдэг олон зуун үйлдвэрээ давхар чирээд явчихаж байна. Монгол Улс ийм том үйлдвэрүүдтэй болох ёстой. Тийм болох хамгийн бодит боломжийг Тавантолгойд түшиглэн бий болгох боломжтой. Монголчууд нэгэнт л чадаж байгаа бол хийе л дээ. Чадаж буй нь томроод ирэг. Тиймээс Тавантолгойн нүүрсийг Монголын нутагт боловсруулах шаардлага тавья. Монголын нутагт өртөг хамгийн ихээр нэмэгдэг. Самосволын жолооч нар ажилтай болог. Урагшаа төмөр зам тавихаа больё. Галт тэрэгний нэг цуваа 3000 тонн нүүрс зөөвөрлөнө. Тэдгээрийг 100 тонны даацтай машинаар зөөвөл 30 машин зөөх болно. Гучин машин бол 60 жолоочтой. Харин галт тэрэгний нэг цуваа хоёрхон машинисттай шүү дээ. Тиймээс Тавантолгойн нүүрсийг хямд үнээр Хятад, Оросын хил рүү хүргэж өгөх бодлого нь буруу. Аль болох өртөг нэмж, өрсөлдөх чадвартай хил дээр очих ёстой. Нэмэгдсэн өртөг нь Монголын жирийн нэгэн компанид, ганц самосволоороо тээвэр хийдэг энгийн Доржид тээврийнхээ өртгөөр дамжиж очвол л ашиг тусаа өгнө. Тэгэхгүй ганц компанийн супер ашгийн төлөө явбал ажлын байр гарахгүй. Төрийнх байна уу, хувийнх байна уу хамаагүй тухайн компани баяжаад дуусна.

-Харамсалтай нь таны хэлсэн боломжууд гарахгүй бол яана?

-Тавантолгой бүхэлдээ улсын мэдэлд байгаа. “MCS”, жижиг “Тавантолгой”-г тооцохгүйгээр. Тийм учраас улс өөрийнхөө шийдвэрээр үндэсний томоохон компаниудыг бойжуулах боломжтой. Харин “Ийм “юм болохгүй. Хамгийн хямд өртгөөр олборлуулна. Гадаадын компаниуд төмөр зам барьж, их ашиг олоод яваг” гэдэг эх оронч бус шийдвэр гаргавал би эсрэг байна. Зуданд малаа алдсан малчин, гэр хорооллын ажилгүй залууг самосволын жолооч болгоё л доо. Тэд жолоо мушгиж чадаж л таарна. Бас англи хэл сураг. Мөнгөтэй, машинтай болсныхоо дараа “Би машин жолоодож чадахгүй. Хүнд ажил байна” гэх юм бол төмөр зам тавина л биз. Уржигдар болсон жагсаалыг ажихад, ажлын байрны асуудал хөндөөд байна шүү дээ. Ердөө нэг сая төгрөг өгчих боломж Монголын төрд нэг, хоёр жилийн дараа гарч ирнэ. Тэр бол асуудал биш. Харин мөнгөө авчихаад яах юм бэ гэдэг асуудал хөндөгдөх болно. Тавантолгойд самосволын жолооч хийгээд сард 900 мянган төгрөгийн цалин авна шүү дээ. Тиймээс тэр хүнд нэг сая төгрөг сонин гэж үү. Үсрээд л 2.5 сая төгрөг авна. Тэр мөнгийг авлаа гэхэд 900 мянган төгрөгийн цалинтай хүний гурван сарын цалинтай тэнцэхгүй. Тэгэхээр бидэнд нэг удаагийн мөнгөнөөс илүү ажлын байр чухал. Манай тойргийнхон над руу “Оюутолгойд Өмнөд Солонгост ажиллах хүчин гаргасан шигээ бүртгэж ажиллуулах уу” гэж утасдаад байна. Өмнөд Солонгос руу Өвөрхангайгаас олон хүн ажил хийхээр явсан. Боломжийн ч амьдарч байгаа. Түүнтэйгээ адил төсөөлж, “Оюутолгой руу явуулах уу” гээд байдаг. Гэтэл “Айвенхоу майнз” компанийнхан “Улаанбаатарт 3000 хүн шингээчихсэн. Эндэхийн 3000 ажилгүй иргэнийг 180 мянгаар цалинжуулна” гэхээр өвөрхангайчууд падгүй болчихож байна.

-Ухаа худагаас хойш, урагш төмөр зам татна гэж нэг хэсэг маргалаа. Энэ асуудал хэзээ цэгцрэх бол?

-Төмөр замыг ашигт малтмалын орд хамгийн их төвлөрсөн газраар татах юм. Энэ тухай бодлогыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ гэсэн асуудал оруулж ирээгүй л байна. Өнөөдрийн байдлаар, хамгийн ашигтай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Зүүнбаян хүртэлх төмөр зам юм. Яагаад уг төмөр замыг нэгдүгээр ээлжинд ашиглалтад оруулах ёстой вэ гэвэл Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь өгчихөлгүй кокс болгон хувиргахын тулд Сайншандад боловсруулах үйлдвэр байгуулна. Учир нь тэнд ус бий. Тэгж байж түүхий нүүрс бидэнд ашгаа өгнө. Зүгээр хутгаад гаргачих нь хамгийн амархан ажил. Үүнийг хэн ч хийж чадна. Сайншанд бол зүүн тийшээ Өмнөд Солонгос, Япон, баруун тийш Орос, Герман, урагшаа Хятад руу явах зангилаа цэг болох гээд байгаа юм. Германчууд “Тавантолгойн ордыг ашиглахад оролцъё. Лиценз өгөөч” гэхгүйгээр “Бидэнд нүүрсээ зараач” гэсэн утгатай бичиг ирүүлсэн.

-Тавантолгойн оператор компаниар АНУ-ын “Пибоди энержи” групп шалгарах магадлал өндөр байгаа. Харин оросууд төмөр замыг нь барина. Америк, Оросын ашиг сонирхол яаж огтлолцох нь сонирхол татаж байна?

-Төмөр зам бол хоёр янз байгаа. Суурь дэд бүтэц буюу рейс төмөр, замын далан зэрэг хамгийн их мөнгө шаарддаг хэсэг нь төрийн өмч байна. Төмөр зам дээр давхилдах ачааны галт тэрэг, толгой хэнийх ч байж болно. Ийм л зааг бий. Төмөр замын суурь дэд бүтцээ барихад манай улс зээл авч бариад өмчилнө. Харин дээгүүр нь явсан цуваануудаас төлбөр авч, өртгийг нь нөхөх ёстой. Төмөр замын тухайд хөрөнгө оруулагч биш, зээлдэгч л байна байх. Төмөр замын хөдөлгөх бүрэлдэхүүн нь хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, гадаад, дотоодын компанийн аль нь ч байх боломжтой.

-“Хамтарсан Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө” гэж мэдэгдсэнийг хүмүүс “МАХН ирэх сонгуульд Ардчилсан намыг далаар нь цэвэр тавих мэхээ хийж эхэллээ” хэмээж байна. Тиймэрхүү зүйл үнэхээр байгаа юм уу?

-Хамтарсан Засгийн газрын хийж буй ажлыг хамтарч л хийнэ. Шийдвэр нь ч тэр. Тийм учраас МАХН-д өмчлөөд байх шаардлага байхгүй байх гэж бодож байна.

С.Баттулга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж