
-Иргэний зориг-Ногоон нам байгуулах талаар хэлэлцээр ямар түвшинд явж байгаа вэ. Намын гишүүд үүнийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
– Ногоон намынхан нэгдэж нийлэх саналыг өнгөрөгч хавар тавьсан. Үүнийг ирэх 11-р сарын эхний хагаст багтаан ИЗН-ын Үндэсний хороогоор нээлттэй хэлэлцэхээр болоод байна. Гишүүдийн санал хоёр янз байгаа. Эхний хэсэг нь нэгдэх асуудалд болгоомжилсон, хаширласан байдалтай. Нэгдэж, хамтрах саналтай байгаа нь сонгуулийн одоогийн үйлчилж буй системд хамтарч нэгдэхгүй бол амжилтад хүрэхгүй байгаатай холбоотой. Нэгдэхгүй бол саналаа хуваагаад амжилтад хүрдэггүй байгаагаас миний хувьд ч гэсэн нэгдэж нийлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэдий би намын дарга ч гэсэн энэ нь намын албан ёсны байр суурь биш л дээ.
Иргэний зориг нам 2000 оноос хойш дөрвөн ч намтай нэгдсэн. Гуравдагч хүчин гэгдэж Бүгд найрамдах нам, Эх орон МАШН, Иргэний зориг намууд нэгдэж байсан. Нэгдчих л юм бол бүх зүйл сайхан болно гэсэн бодолтойгоор үзэл баримтлал, хамтран ажиллах дүрэм журмаа тохиролцохгүйгээр тухайн үед нэгдэж байсан. Харин үүний дараагаар бүх зүйл сайхан болох нь битгий хэл бөөн хэл ам, хэрүүл болоод багагүй өсч байсан намын рейтинг буурсан. Энэхүү туршлагаас болоод болгоомжлон сэрэмжилж буй хүмүүс байгаа.
-Ногоон нам, Иргэний зориг намын үзэл баримтлал хэр нийцэх вэ?
-Хоёр намын үзэл баримтлал, Монгол Улсыг хөгжүүлэх зангилаа асуудлууд дээр санал бодлоо нийлүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Сайн засаглалыг хэрэгжүүлэх, Авлигатай тэмцэх тухайд Ногоон намтай санал нэгтэй юм. Ногоон нам нь хувийн хэвшил, бизнесийн байгууллагыг дэмжих, төрийн оролцоог тодорхой хязгаарт үйлчлүүлэх, төр бүхий л асуудалд оролцох шаардлагагүй, гэхдээ зах зээлд бүхнийг даатгаад үлдээчхэж болохгүй гэсэн төв барууны үзэл баримтлалтай нам юм. Харин Ногоон нам зүүний чиг хандлагатай нам л даа. Гэхдээ амьдрал дээр онол гэхээс илүүтэй улс орныг хөгжүүлэх шийдлүүд дээр санал нэгдэж байвал хамтраад ажиллахад болохгүй зүйл үгүй.
-Хоёр намыг нэгдэхэд удахгүй батлагдан гарах Сонгуулийн хуулийн хэрхэн батлагдахыг харзнасан хүлээлт бий юү?
-Ер нь бол байгаа. Зөвхөн Ногоон намтай нэгдэх ч гэлтгүйгээр Иргэний Зориг нам цаашид ямар тактикаар сонгуульд оролцохоо тодорхойлохын тулд Сонгуулийн хууль хэрхэн батлагдах нь чухал л даа. Одоогийн мажоритар гэх олон жилийн турш явчихсан тогтолцоо гуравдагч гэгдэх намд, Иргэний зориг намд ашигтай биш. Учир нь энэ тогтолцоо том намуудад илүү үйлчилдэг, арай илүү санал авсан нь авсан хувь хэмжээнээс илүү суудлыг УИХ-д авдагт байгаа юм. Жишээлбэл, 2000 оны сонгуульд сонгогчдын 53 хувийн санал авсан МАХН нийт суудлын 95 хувийг авсан. Ийнхүү багахан хувийн зөрөө суудлын томоохон савлагааг үүсгэдэг.
Өнгөрөгч сонгуульд Иргэний зориг нам 129 мянган сонгогчдын санал буюу нийт сонгогчдын 12 хувийн санал авсан. УИХ-д энэ хэмжээний санал авсан нам ядаж нэг бүлэгтэй байх хэмжээ шүү дээ.
Иймд сонгуулийн хууль пропорциональ байх эсэхээс цаашдын тактикийг тодорхойлох нь чухал болоод байна.
-Сонгуулийн хуультай холбоотойгоор батлагдахгүй удаж буй Жендерийн тэгш байдлын тухай хуулийн хувь заяа хаашаа эргэх бол?
-Энэ хуулийн төслийн Ажлын хэсэгт өнгөрөгч намраас орж ажилласан. Хуулийн төсөл нэлээдгүй чамбай болсон. Мэдээж энэ хуулийг батлуулахын төлөө байгаа. Манай намын хувьд ч гэсэн Жендерийн асуудлыг чухалчлан үздэг. Тухайлбал, намынхаа дүрэмд хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн квотыг нэвтрүүлж байлаа.
Харамсалтай нь энэ хуулийг батлуулах улс төрийн хүсэл зориг байхгүйгээс энэ хуулийн төсөл бүтэн жил хойшлогдоод байна. Энэ хуульд нийгэмд эрэгтэй эмэгтэй ялгалгүй тэгш эрхтэй оролцох гэсэн зарчмын томоохон дэвшилттэй санаанууд багтсан. Харамсалтай нь сонгуульд хэдэн эмэгтэйчүүд нэр дэвших квотыг оруулна, оруулахгүй гэх асуудлаас болоод л хойшлуулаад байгаа юм.
-Тэгвэл энэ квотыг шийдэхгүй бол Жендерийн хууль гацаанд байсаар байх нь ээ?
-Иймд ажлын хэсэгт би нэг санал гаргасан. “Сонгуулийн квотыг энэ хуулиас түр хасч, Сонгуулийн хуулийг хэлэлцэх үедээ энэ асуудлаа яриад явья. Дараа нь Жендерийн хуульд нэмээд оруулчихаж болно” гэсэн. Ер нь эмэгтэйчүүдийн квотоос болоод дэвшилттэй энэ хууль батлагдахгүй байж болохгүй л гэсэн хэрэг. Өнөөдөр /өчигдөр/ Ажлын хэсэг хуралдаад маргааш /өнөөдөр/ Байнгын хороогоор орох байсан боловч бас л хойшилчихлоо. Ямар шалтгаанаар хойшилсон нь одоогоор тодорхойгүй л байна.
-Хуулийн төслийг хэлэлцэх явцад өөрчлөгдөж, анхны өнгөө хувиргасан зүйл гарч байна уу?
-Өөрчлөх талаар ярихаас илүү, хойшлуулаад байгаад л бэрхшээл байна. Энэ асуудлыг хэлэлцэхгүй байна. Ядаж хэлэлцээд эхэлмээр байна. Одоогоор эмэгтэйчүүдийн сонгуулийн асуудлаар “аллерги” үүсгээд сонгуулийн хуулийг хүлээе гэх зэрэг шалтгаар хойшлуулаад байсан. Уг нь энэ хууль зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай биш шүү дээ. Боловсрол, эрүүл мэндийн зэрэг олон салбарт эрэгтэйчүүдийн оролцоо бага байгаа шүү дээ.
-Иргэний зориг нам анх Авлигын асуудлыг хөндөж олон нийтэд гаргаж ирсэн. Тухайн үед таны зорьж байсан Авлигатай тэмцэх байгууллагын тухай төсөөлөл одоогийн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны хооронд хэр зөрөө байна. Энэ байгууллагын удирдлагуудтай холбоотой асуудал дээр ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Хүссэн, бодсон хэмжээнд ажиллаж чадахгүй л байна. Гэхдээ Авлигатай тэмцэх газарт нэг талаар сайн ажиллах талаар шахаж шаардах хэрэгтэй. Нөгөө талаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын гаргасан бага сага алдаагаар нь далимдуулаад улстөрчид энэ газрыг ажиллуулахгүй байх, үйл ажиллагаанд нь саад үүсгэх санаа бодол байх вий гэсэн болгоомжлол төрөөд байна.
Уг нь энэ байгууллагыг дэмжээд өгмөөр байна. Алдаа дутагдал байвал хэлж анхааруулж болно. Алдаатай зүйлүүд гарсан л юм шиг байна. Харин далимдуулаад нураах, энэ байгууллагад ажиллагсдын зоригийг мохоож болохгүй. Энэ байгуулагад ажиллахад ихээхэн зориг хэрэгтэй. Олон том дарга, албан тушаалтантай дайсан болох шаардлагатай болно.
Энэ байгууллага байснаараа авлигыг илүү эрсдэлтэй болгож байгаа. Авлигатай тэмцэх хууль гарахаас өмнө, Авлигатай тэмцэх байгууллага ажиллаж эхлэхээс өмнө, Хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй байхаас өмнө Авлига гэдэг нь эрсдэл багатай ашиг ихтэй “бизнес” байсан. Одоо бол энэ “бизнес” ямар ч гэсэн эрсдэлтэй болсон.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал хаалттай хэлэлцэхэд өөр Байнгын хороодын гишүүд орох боломжгүй байсан. Чуулганаар хэлэлцэж эхлээгүй болохоор албан ёсны мэдээлэлгүй байна. Харин чуулганаар хэлэлцэх үед нь хэргийн материалтай танилцаад энэ асуудалд байр сууриа илэрхийлэх боломж гарах байх. Ер нь бусдыг ёс зүй, санхүүгийн зөрчилгүй байхыг шаарддаг байгууллага өөрөө тийм зөрчил гаргахгүй байх ёстой.
-Авлигатай тэмцэх бусад орны туршлага юу байдаг вэ. Энэ мэтчлэн улстөрчид, авлигатай тэмцэх газрынхны хооронд асуудал гардаг юм болов уу?
-Бусад орнуудын жишээг харахад Авлигатай тэмцэх газар эхний хэдэн жилд нүдэнд харагдахуйц үр бүтээлтэй, сайн ажиллаж чаддаггүй л юм билээ. Авлига гэдэг нь шууд хохирогч, гэрч гэх зүйл байхгүй онцлогтой учраас илрүүлэхэд амаргүй. Хонконгийн Авлигатай тэмцэх газар үр дүнд хүрсэн түүх жишээ болдог. Түүхийг нь харвал байгуулагдсан эхний хэдэн жилдээ үр дүнгүй ажиллаж байсан. Тэгсний дараагаар өршөөл гэх зүйлийг өрнүүлж авлигын хэрэгт өнөөдрийг хүртэл холбогдсон тохиолдол бүрийг өршөөж харин одооноос эхлэн энэ хэрэгт хатуу хариуцлага хүлээлгэх болсноо зарласан. Үүний дараагаар энэ асуудал цэгцэрсэн.
-УИХ-аас батлагдсан хууль үйлчилж чадахгүйгээс болоод хууль, хууль тогтоох байгууллагын нэр хүнд унах боллоо. Ой мөрний сав газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан ч хэрэгжиж чадалгүй гацаанд орчихлоо. “Урт нэртэй” гэх тэр хуулийг “Санаа нь байвч сачий нь хүрэхгүй” хууль хэмээн нэрлэж байна. Хууль тогтоогчид үүнд анхаарлаа хандуулж байна уу?
– Үнэн шүү. Их хурлаас зөвхөн хуулийг батлан гаргахаас илүүтэйгээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Хууль батлагдсаны дараах хяналт тавих үүргээ орхигдуулаад байгаа. Энэ хуулийн хувьд анхнаасаа амьдралд хэрэгжихэд амаргүй байдалд боловсруулагдан батлагдсан. Уул уурхайн Үндэсний чуулга уулзалтад гаргасан гол гомдол энэ хууль байсан. Одоог хүртэл хэрэгжихгүй байгаа нь ой, усны сав газрыг тогтоох, нөхөн төлбөрийг тогтоох зэргээс болсон.
Цаашдаа алтны шороон ордыг үе шаттайгаар зогсоогоод шинээр зөвшөөрөл олгохгүй байх нь зүйтэй. Олон, жижиг гэлгүй томоохон уул уурхайгаа түшиглэвэл ажилгүйдлийг шийдэх, байгаль орчны нөхөн сэргээлт хийлгэх, хяналт тавих боломжтой болно.
Үүнтэй холбоотойгоор би намрын чуулганд нэг хуулийн төсөл оруулахаар ажиллаж байгаа нь “Уул уурхайгаас олж буй ашгаас тодорхой хувийг тусгай байгаль орчны нөхөн сэргээлт хийх санд хуримтлуулах” тухай юм. Мэдээж компаниуд нөхөн сэргээлт хийдэг ч улс хийхээс өөр аргагүй газар талбай бий болчихсон байна. Тодруулбал нинжа нарын орхисон, компани нь дампуурсан, социализмын үед ашиглаад орхисон газрууд бий.
-Уул уурхайгаас олсон ашгаа зарцуулах арга зам буруу байгааг шүүмжилсээр л байна. Олсон мөнгөө тараадаг тогтолцоо энэ хэвээр байсаар байх уу?
-Томоохон ашиг 2013 оноос хойш л орж ирнэ. Одоохондоо орж ирж буй багахан мөнгөө тараагаад л байна. Мөнгө өгөх хариуцлагагүй амлалтаас болоод энэ жилд л гэхэд 300 тэрбум төгрөгийг тараасан. Үүний 250 тэрбум төгрөг нь ашиг биш зээл. Анхнаасаа байхгүй зүйлийг амлачихаад үүндээ хүрэх гээд буруу бодлого явуулахаас өөр аргагүйд хүрч байна. Өнөөдөр авсан мөнгөнөөс болж маргааш илүү их мөнгийг алдана гэсэн үг.
Уг нь сая таван зуун төгрөг авахаас илүү тийм цалин сар бүр авдаг болох боломж бий шүү дээ. Өмнөговьд саяхан хэсэг гишүүд ажиллаад ирлээ. Нарийнсухайтын уурхайд ажиллаж буй ажилчид 800 мянгаас хоёр сая төгрөгийн цалин авч байна.
-Гэнэтийн ашгийн татвар ирэх оны нэгнээс хүчингүй болохоор боллоо. Энэ татварыг эсэргүүцэж байсан хүний хувьд Та мэдээж дэмжиж байгаа байх. Хүчингүй болж байгаагаас үзвэл энэ хууль хэрэггүй байжээ. Хэрэв тийм бол гэнэтийн ашгийн татвараас болж Монгол Улс хэр их хохирол амссан бэ?
– Гэнэтийн ашгийн татвар 2007 онд батлагдсан. Тухайн үед үүнийг нь эсэргүүцэж байсан гишүүд цөөн байсан. Иргэний зориг нам үүнийг буруу гэж үзэн цөөнхийн талд байсан. Тухайн үед үүнийг буруу гэж хэлснээрээ эх оронч биш хэмээн загнуулж байлаа. Үүнээс болж төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлсэн байж болно. Гэхдээ энэ татвартай, татваргүй төсөв жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэнэтийн ашгийн татвар гарснаас болж Оюутолгойн гэрээ хоёр гурван жил хойшлогдсон. Энэ татвар хүчинтэй үед уул уурхайн томоохон төслүүд батлагдахгүй. Энэ шийдвэрүүд хойшилно гэдэг нь тухайн үед ажиллаж эхлэх тэдгээр хүмүүсийн ажлын байрнаас эхлээд л олон асуудал хойшлогдсон. Мөн дэлхийн уул уурхайн салбарт хамгийн өндөр татвартай орноор нэрлэгдсэн. Заавал хамгийн сайн бодлого гаргах гээд яах вэ, ядаж дэлхийн хамгийн муу жишээнд орох гээд хэрэггүй.
Б.Энхмандах