Өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт нэгэн мэдээ иржээ. Тэр нь ердөө л “Түймэрт цагааны бууцанд түймэр аслаа” гэсэн үгтэй. Мэргэжлийн хяналтын газарт энэ мэдээ ямар хамаатай юм, Онцгой байдлын хэлтэст хэл гэж адарсан удаатай ч арга буюу “Нохойд барьдаг мод” гэгчээр юман түрүү өртдөгөөрөө тэд Түймэрт цагааныг өргөн бүрэлдүүнтэй зорих нь тэр. Тэнд юу болж байсан гэж санана. Тэнд ёстой л “Уулыг тал, талыг там” болтол талхалж байгааг улсын байцаагчид газар дээр нь нүдээр харж гаргасан жоншоо 14 хоногийн хугацаанд борлуулаад нүүхийг үүрэгдээд оджээ. Энэ бол хяналтын газрынханд байж боломгүй энэрэнгүй шийдвэр байж. Яагаад гэхээр ямар ч зөвшөөрөл лицензгүй талбайд дур мэдэн олборлолт явуулна гэдэг илт хууль зөрчсөн үйл ажиллагаа. Зүгээр ердийн ашигт малтмал болох элс, хайрга, чулууг байгалиас ашиглахад үйлчилдэг хууль, дүрэм, төлбөр төлөөс байдаг атал тонн нь 150 доллараар үнэлэгддэг жонш гэхээр юү болох билээ. Харамсалтай нь нинжа нар нүүсэнгүй. Нүүгээгүйд бас учир шалтгаан бий. Хулд сумаас аймгийн ИТХ-д сонгогдож улмаар нутгийн удирдлагын энэ том байгууллагыг толгойлох болсон Ц.Мөнгөнцоож “Та нар гаргасан жоншоо борлуулчихаад бууцгаа. Харин нөхөн сэргээлтээ хуулийн дагуу хийнэ шүү” гэсэн нь нэг талаар сонгогдсон тойргийн иргэдийн эрх ашигт зөөлөн хандсан, нөгөө талаар хяналтын байгууллагын шийдвэрийг дур мэдэн хүчгүйдүүлсэн ам шийдвэр байж. Тэнд ажиллаж байсан нинжа нар эл даргын ам шийдвэрийг өмнөө “Туг” болгон барьж хууль зөрчсөн ажиллагаагаа лавшруулна гэж хэн тооцоолох билээ.
Энд чухам юу болсон бэ. Олон хүн энэ асуултанд хариу эрж мэдээллийн зарим байгууллага нэг талын мэдээллээр өрөөсгөл хандаж буй нь нууц биш юм. Үүнд газар дээр нь анхны өдрөөс эхлэн ажигласан сэтгүүлчийн хувьд үнэнийг хэлэхээ өөрийн журамт үүрэг гэж үзэж байгаа юм.
Аймгийн мэргэжлийн хяналтын газар бүтэн хагас сар хүлээлцтэй хандахдаа холбогдох албаныхныг оролцуулан 1-4 удаа ажлын хэсэг очуулсан. Тэнд очих бүрдээ 1-3 хоног ажиллан хууль дүрэм ярьж нинжа нарыг суулгасан сургалт хүртэл зохион байгуулсан. Хэн нэгэнд ямар нэг хариуцлага тооцоогүй. Тэнд хэдэн зуун нинжа нар бужигналдаж байсан. “Журд” хөлөглөн ирж ганцхан куб жонш хямдхан үнээр борлуулж 2-3 шил архины мөнгөтэй гуяа алгадан мордох хөдөөх эрээс авахуулаад хэдэн зуун тоноор нь ачин одох их гарыхан хүртэл энд байсан. “Журд”-тай залуучууд тонн жоншоо 10-15 мянган төгрөгөөр өгчихөөд баярлаж байхад дунд гарыхан тонныг нь 50-65 мянган төгрөг хүргэсэндээ харамсах хоёрын хооронд их зөрүү бий л дээ. Ер нь энэ шинэ ордын жонш агуулга сайтай, 92-оос нэг их буухгүй байгааг мэрэжилтнүүд ярьж байгаа юм. Ченж нарын яриагаар жоншоо Чойр хүргэж чадлаа гэхэд тонн нь 150 000 төгрөг хүрнэ л гэнэ. Улаан гараараа гаргасан жаахан жоншоо ойрхны зах зээлээс арав дахин бага үнээр зарчихаад бөөн баяртай мордож байгаа хөдөөх эрийг хараад яалтай ч билээ. Гэтэл их гарыхан малчдаас 20 тонн жоншийг ”Залиастай” хэмжээд 10 тонн гэж авах ч энүүхэнд. Бас болоогүй ээ, 92-ийн агуулгатай жоншийг 70-тай гэж “Доош нь хийх” эрдэм их гарыханд бас байна аа. Хөөрхий хөдөөнийхнөө ингэж шулж байгаа их, дунд гарын нинжа нар хууль хяналтынхныг ирэхээр “ Зудад нэрвэгдээд өнчин ишиггүй хоцорсон малчдаа ингэж хэлмэгдүүллээ“ гэж “Матрын нулимс” унагахыг яана. Хэрэг дээрээ малчдыг дээрх аргаар шулсан “Чулуун зүрхтэн” чинь дунд, том гарын нинжа нар л байх юм. Тэд хураалгасан нь энэ болохоос лавтайяа 2000-3000 тонн жонш энэ хугацаанд Чойр луу аччихсан нь тодорхой байгаа юм. Тонн жонш тэнд хамгийн багадаа 150 000 төгрөг хүрч үнэлэгдэх тухай тэд ярьж байна. Дэлхийн зах зээлийн үнэ гэвэл бүр талийж өгнө л дөө. Харин хууль, хяналтыхан малчдад эрдэс баялгийг нь ашиг хонжоо хайгчдаас хамгаалах гэж, газар нутгийг нь нөхөн сэргээлгэх гэж л тэмцэж байгааг ойлгууштай. Хамгийн анх 200 шахам тонн жоншоо хураалгасан ченж нь улс, аймгийн цолтой, ах дүү хоёр бөх байсан нь үнэн. Тэдний асуудал хууль журмын дагуу шийдэгдсэн. Дараа нь 4-5 дунд гарын ченж 900 гаруй тонн жоншоо хураалгасан нь дуудлага худалдаанд орсон. Эхний дуудах үнэ 55 сая төгрөөөс эхэлж 95 гаруй сая төгрөг хүрч Чойрт харьяалалтай нэг компани авсан ч төлбөрөө хугацаанд нь хийгээгүйгээс цуцлагдсан. Дахин дуудлагад орж 65 гаруй сая төгрөгөөр өөр нэг компани аваад жоншоо ачиж эхэллээ. Уул нь их л хямд үнээр авч дээ, чадаж байгаа юманд арга байхгүй ээ гэж… Саяхан энэ талаар орон даяар цацагдсан нэг мэдээнд “Малчдын улаан гараараа ухаж гаргасан мянган тонн жоншийг аймгийн хэдэн том дарга хураан авч дуудлага худалдаа нэрээр хувааж авахыг завдсан” мэт гүжирдсэн байх юм. Нутгийхан ухсан жоншоо зарж борлуулчихаад гэртээ аль хэдийн харьсан. Тэднээс зарга заальхай хийж заалдсан хүн нэг ч байхгүй. Харин дунд, том гарын ченж нар өөрийн ашиг орлогоо хураалгасандаа хорссон, өөрсдийн хийсвэр ухаандаа ургуулан бодсон л гүтгэлэг байхгүй юү. Тэд хууль зөрчсөн үйлдлээ малчдын нэр барин хаацайлах арга олсон нь энэ. “Муу л бол зүүн хойт талын хар овоохой” нь заавал дарга нар байх ёстой юмуу. Нийтлэлч хүний ажиглалтаар хэлэхэд аймаг орныг олон жил удирдсан хүмүүс чинь хэдэн ченж нартай хээрийн алаг чулуу булаалдаж нэр нүүрээ барахааргүй, арай өөр түвшинд ажиллах хүмүүс шүү дээ. Тийм санаархал огт гараагүй. Эл нийтлэлийг бичигч би вээр дарга нараа шүүмжлэх дуртай нэгэн. Харин ор үндэсгүй гүтгэх нь сэтгүүлчийн ёс зүйд харш гэдгийг мэднээ.
Дунд гарын ченжүүд хөлтэйхөн хөдөлж нийслэлээс өмгөөлөгчид хөлсөлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдийг өөрсдийн зардлаар авчирчээ. Өмгөөлөгчид нь холбогдох албаны хүмүүсийн тайлбарыг сонсоод хуулийн хүний хувьд учрыг ойлгож байхад хэвлэлийн “Популист” төлөөлөгчид олны талд илт үйлчлэн хууль ёсыг уланд дэвслэн нэвтрүүлгээ орон даяар яаран сандран цацаж байх юм. “Хүний олон хүнээ барьдагүй” гэж ард түмэн хэлцдэг нь хууль ёсыг дээдэлсэн үг биз ээ. Заргалдаад байгаа хүмүүсийн яриагаар бол Монгол улсад нийтээр дагаж мөрддөг хууль хамаагүй. Хаа дуртай газраа онгичин хэн дуртай нь юу байгааг цөлмөх нь дурын хэрэг мэт ойлголт төрүүлж байна. Энэ байдлаас сэргийлж Монгол улсын хуульд “Газрын хэвлийн дорхи бүх баялаг улсын өмч” байхаар заасан биз дээ.
Юутай ч гэсэн Дундговь аймгийн Хулд сумын нутаг Түймэрт цагаанд ассан “Түймэр” унтраагүй байна. Бие биенээ буруутгасан зарга шат шатны Засаг даргаас аваад хуулийн байгууллага хүртэл хүчээ авч “Түймэр” уугисаар авай.
1.Түймэрт цагаан дахь жонш /3193/
2.Түймэртцагаанд шалгалтын групп ирлээ /3196, 3219/
3.”Журд” хөлөглөсөн малчин нинжа нар /3213, 3225/
4.Их гарын нинжа нар жоншоо энэ машинд ачина /3210/
6. Нижа нар нүүлээ /3216, 3226/