Эрийн гурван наадмын нэг болох сур харвааг дэлхий нийт сонирхдог болоод байна. Монгол харваачид маань ч дэлхийн хэмжээнд өрсөлддөг боллоо. Өмнөд Солонгос улсад өнгөрсөн долоо хоногт болсон олон улсын сур харваачдын тэмцээн “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” группын тамирчин, Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг тэргүүн байр эзэлж, “Гран при” шагнал хүртсэн. Тэрбээр 40 орчим орны 200 гаруй тамирчинтай цэц мэргэнээ сорихдоо монгол харваачийн ид хавыг дэлхий нийтэд гайхуулж чадсан юм. Улсын мэргэн С.Энхтунгалаг үндэснийхээ их баяр наадамд шагналт байрт байнга шалгардаг нэгэн. Мөн аливаа тэмцээн, уралдааныг том, жижиг гэж голж шилдэггүй болохоор сурынхан дундаа чамгүй нэр хүндтэй. Сур харвааны тэмцээн бүрт манлайлан оролцдог учир түүнд “Манлай харваач” хэмээх эрхэм цол олгожээ. Гэхдээ түүний амжилтыг “Тэмцээн бүрт харваачдаа уриалан оролцдог атлаа шагналт байраас хэтэрдэггүй” хэмээн чамлах хүн ч бий. Харин С.Энхтунгалаг харваач энэ үгийг үл тоон тэмцээн бүрийг алгасалгүй тэвчээр заан оролцсоор ирсэн юм. Сонгосон спорт, өрсөлдөх талбартаа ийн тууштай байдагт нь харваачид болон сур сонирхогчид хүндэтгэлтэй ханддаг юм билээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Уйгагүй хичээл зүтгэлийнхээ хүчээр улсын мэргэн маань “Олон улсын мэргэн” болж чадлаа. Одоо тэр дэлхийн харваач болсон. Түүний хараа хурц, сум нь мэргэн байх болтугай.
Р.САРАРГОО
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин