Эрхэм гишүүд чуулганы завсарлагаар юу амжуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүд чуулганы завсарлагаар юу амжуулав

УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулган саяхан  нээлтээ хийгээд байна. Тэгвэл  УИХ-ын эрхэм гишүүд чуулганы хуралдаан  завсарласан хоёр сарын хугацаанд  
603 хоног иргэдийнхээ үгийг сонсчээ.
Чуулганы завсарлагаар хөдөө, орон нутаг болон сонгогдсон тойрогтоо  УИХ-ын 47 гишүүн 70 удаагийн томилолтоор ажиллажээ. Энэ нь   давхардсан тоогоор нийт 603 хоног төрийн түшээд иргэдийнхээ үгийг сонссон гэсэн үг.   УИХ-ын гишүүд  120570 гаруй иргэд, сонгогчидтой уулзаж, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.  Түүнчлэн очсон, ажилласан газар бүртээ ард иргэдийн  санал бодлыг сонсч, сонирхсон асуултад нь хариулт өгч  явжээ.  УИХ-ын гишүүд  тойрогтоо ажиллахаас гадна нэлээд олон Ажлын хэсгүүдэд завсарлагааны хугацаанд мөн  орж ажилласан  юм.
Тухайлбал,  “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын, Эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх стратеги, иргэний эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах, Монгол Улсын элсэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцах, Сэлэнгэ аймагт алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Бороо гоулд” ХХК-ны үйл ажиллагаанд “Ашигт малтмалын тухай хууль”-ийн холбогдох зүйл заалтын хэрэгжилтийн байдалтай танилцаж шалгах, Улсын Их Хурлын даргын 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 126 дугаар захирамжаар байгуулагдсан 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргах, холбогдох хуулийн төсөл болон санал, дүгнэлтийн төсөл бэлтгэж танилцуулах, “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг УИХ-ын Байнгын хороодоос байгуулагдсан Ажлын хэсгүүдэд УИХ-ын гишүүд  орж ажилласан байна. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй, цас зудын байдалтай байгаа аймаг, сумдын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, цаашид авах арга хэмжээ болон өвс тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээг малчдад хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах талаар орон нутгийн удирдлагуудад тухай бүрт нь чиглэл өгч байлаа.
Төрийн түшээдэд иргэд ямар үг дайв?
 УИХ-ын гишүүдийг тойрогтоо болон орон нутагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзах явцад тэдний дийлэнх нь Улсын Их Хурал, Засгийн газраас батлан гаргаж байгаа хууль, тогтоолын хэрэгжилт орон нутагт тааруухан  байдагт байнгын хяналт тавьдаг болох, Монгол Улсын томоохон хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа ард иргэдийн санал асуулга явуулсны дараа өөрчлөлт оруулдаг байх, Намууд сонгуулийн амлалтаа биелүүлж, хувь хишгээ өгөх, хүүхдийн мөнгийг дахин олгуулах, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт олон жил ажиллаж байгаа багш, эмч нарын цалинг нэмэх, урамшуулал олгох, байгалийн бэрхшээлийг хохирол багатай даван гарах, малчдын банкнаас авсан зээлийг хөнгөлөх, малгүй болсон иргэдийг малжуулах, аймаг, сумын төвүүд дээр ажлын байр бий болгох, мах, сүү, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг өсгөж, тогтвортой байлгах, малын тэжээл тариалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг сайжруулах, мал эмнэлгийн одоогийн тогтолцоог шинэчлэх, байгалийн баялгийг гаднын компаниудад 100 хувь эзэмшүүлэх эрх олгохоо зогсоох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа удаан, ядуурал, ажилгүйдлээс гаргах талаар тавьсан зорилт төдийлөн хангагдахгүй байгаа тухай, Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, “Оюутолгой”, “Таван толгой”-н гэрээг ард иргэддээ ашигтайгаар байгуулж, ажлын байраар хангах, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, байгаль экологио хамгаалах тухай зэрэг санал, шүүмжлэл зонхилж байсан аж.  
 Уулзалтын үед иргэдээс гаргасан санал, хүсэлтийн дийлэнх нь оюутны сургалтын төлбөр өндөр, төрийн сангийн зээл тусламжид бүрэн хамрагдаж чаддаггүй, ажлын байртай болох, орон байр, гэр, мөнгөн тусламж хүсэх зэрэг ахуй амьдрал, хувийн шинжтэй асуудал байсан бөгөөд эдгээрийг  судлан үзэж газар дээр нь шийдвэрлэх, холбогдох байгууллага, албан тушаалтанд хандах, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, багийн засаг дарга нарт уламжлах зэргээр УИХ-ын гишүүд асуудлыг  шийдвэрлэж байжээ.   
 Харин   Улаанбаатар хотын иргэд хотын агаарын бохирдлыг багасгах талаар төрийн зүгээс дорвитой арга хэмжээ авах, хот төлөвлөлтийг сайжруулах, хог хаягдлыг багасгах, үер усны аюулаас хамгаалах далангуудыг засах, шинээр барих, зам засварын ажлыг чанартай хийх нь зүйтэй гэсэн саналыг уулзалтын үеэр гаргаж байсан  байна. Дараагийн удаа иргэд сонгогчид УИХ-ын гишүүдтэй уулзахдаа УИХ, Засгийн газарт хандаж гаргасан саналуудыг нэлээд тодорхой, дэлгэрэнгүй тоймлон хүргэх болно.

Албаны эх сурвалжаас  бэлтгэсэн референт Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж