
“Шаркс” энэхүү мэдээллээ Атлантатай хийх тоглолтоос ердөө нэг цагийн өмнө зарласан. Торнтон Сан Хосед үлдэх талаараа удаан хугацаанд ярьж байсан бол “Шаркс” түүнийг энэ улирлын дараачаар чөлөөт агентад алдахыг хүсч байгаагүй билээ.
Харин хоёр тал тохиролцоонд хүрч чадсан нь энэ юм. Багийн ерөнхий менежер Дуг Уилсон дахин нэг гол тоглогчоо ирэх дөрвөн жилийн хугацаанд авч үлдэх болсондоо баяртай байна гэлээ. “Шаркс” энэ зун чөлөөт агентаас өмнө амжиж, довтлогч Патрик Марлеау, Жой Павелски нартай дөрвөн жилийн гэрээ байгуулсан. Бусад гол тоглогчдыг бусад багаас авахад олон жилийн гэрээ тэдэнд хадгалагдаж байсан. Тийм учраас “Шаркс” одоо байгаа бүрэлдэхүүнээ ирэх дөрвөн жилд ямартай ч хадгалах боломжтой юм. Хамгийн гол нь амжилт үзүүлж, Стэнлийн цом хүртэх.
Торнтон энэ улиралд 7,8 сая ам.долларын цалинг авах болж байна. 2005 оны арваннэгдүгээр сард Бостон багаас солилцоогоор ирж байсан Торнтон лигийн шилдэг тоглогчдын нэг. Тэрбээр лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Сан Хосед ирсэн анхны жилдээ хүртэж байсан бөгөөд 125 оноогоор лигийг тэргүүлж байжээ. Торнтон долоон улирал дараалан 20 гоол, 50 оновчтой дамжуулалт өгч байгаа бөгөөд энэ амжилтаараа Стив Айзерман, Дуг Гилмор нарыг найм дараалсан амжилтыг давтахад ойрхон байгаа юм.