Хувцаслах ч бас хүний эрх

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Хувцаслах ч бас хүний эрх

Төрийн ордны түшмэлүүд дахин нэг шинэ журам гаргажээ. Угаасаа л урагшгүй ажилтай газрын хурал хуй нь тасардаггүй шиг, Төрийн ордныхны авдаг ганц арга хэмжээ нь элдэв хоцрогдсон дүрэм журам гаргах. Өнөөдрөөс эхлэн төрийн ордонд нэвтрэх сэтгүүлчид эрчүүд нь костюм, зангиатай, эмэгтэйчүүд нь ажил хэрэгч стилийн буюу “сорочкан” цамц, өвдөгцөө хүрсэн банзал өмсөх ёстой гэнэ. Эс тэгвэл тэднийг төрийн ордонд нэвтрүүлэхгүй юм байх. УИХ-ын Тамгын газраас гаргасан гэх энэ журмын эзэн тодордоггүй ээ.

Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос лавлатал “Хэн тийм балай дүрэм журам гаргасан юм, мэдэхгүй. Би лав гаргаагүй” гэнэ. Төрийн ордны хамгаалалтын албаныхан бас хамаагүй болж таарав. Эрж хайж гүйсний эцэст УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах албанаас гаргасан гэдэг там тум мэдээлэл авлаа. Уг нь тэдгээр нөхдийн ажил нь хуралдаанд орж буй асуудлаа гайгүй шиг ойлгоод протоколоо алдаа багатайхан хөтлөх, бас хуралд оролцдоггүй хэдэн гишүүнээ цагт нь дуудаад суулгачих, орж ирж байгаа хэвлэлийнхэнд ч гэсэн хэлэлцэж байгаа асуудлаа ганц нэг хувь тараачих л шүү дээ. Гэтэл нөхдүүд урдах ажлаа хийж чадахгүй байж урдуур хойгуур нь гүйлдэн ад болдог хэвлэлийнхээ хэдэн нөхдүүдтэй “байлдаж” эхэллээ.     
 
Жилийн өмнө бил үү, Төрийн ордны хамгаалалтын албанаас бас нэг ийм журам гарч, дээр дооргүй хэрүүл болж байсан санагдана. Тэр үед гаргасан журам нь зөвхөн эмэгтэй сэтгүүлчдэд үйлчлэхээр байсан юм. Хамгаалалтын албаны дарга сэтгүүлчдийг өвдөгнөөс дээшээ банзал, хөлийн хуруу ил гарсан шаахай, энгэр, мөр, гарын шуу ил гарсан цамц өмсөхийг хориглосон юм. Тэгээд үүнийгээ УИХ-ын гишүүд ”Ажил хийлгэхгүй байна. Хувийн харьцаанд орохыг шахаад байна” энэ тэр гэж гомдол гаргасан гэж тайлбарласан шиг билээ. Үүнээсээ болж хэвлэлийнхэнд бариулахаа шахсан санагдаж байна. “Хэн гэдэг сэтгүүлч ямар гишүүний өрөөнд хувцсаа тайлсан болж байна, түүнийгээ баримтаар нь гаргаад ир. Битгий нугалаа гаргаад бай, тийм л юм бол тэр хүмүүстэй нь хариуцлага тооцохгүй юу” гэж ирээд бөөн хэрүүл болж билээ. Харин нөгөө гишүүн нь нэрээ нууцлахыг хүссэн гээд олдож өгөөгүй. Эцэст нь хамгаалалтын албаныхан өвдөгний доогуур заасан банзалны  уртыг дөрвөн хуруу хасч буулт хийсэн юм. Бусад нь бол одоо хэр нь  үйлчилж байгаа л даа.

Иймэрхүү “хар муур” хааяа хааяа төрийн ордноор гүйдэг бололтой. Тэрний уршгаар манай сэтгүүлчид чуулганы хуралдаанд сууж байгаа гишүүдээс илүү /нөхдүүд ч дуртай үедээ зангиагүй, дээл энэ тэр өмсчихсөн л явдаг/албархуу хувцаслах хэрэгтэй болов. Уг нь Тамгын газраас шахаад байгаа энэ “албаны” хувцсыг чинь төрийн ордонд ажиллаж байгаа нөхдүүд, төрийн албан хаагчид иргэдээ хүндэтгэх, иргэддээ үйлчлэх үүднээс өмсдөг эд шүү дээ. Харин тэнд сурвалжлага хийдэг сэтгүүлчдийн хувьд бол бусадтай л адил жирийн иргэн. Тэр тусмаа тэд төсвөөс цалин хөлс авдаггүй, тангараг өргөөгүй, өөр өөр байгууллагыг төлөөлсөн, хувь хувьдаа хүлээсэн үүрэгтэй хүмүүс. Тэглээ гээд манай зарим гишүүд шиг монгол дээр гонжролдуулж, хэт хутга санжуулаад, эсвэл бэлтгэлийн хувцас өмсчихөөд дэвхэрч яваа сэтгүүлч, сурвалжлагчдыг би лав хараагүй. Эрх биш хэлсэн хэлээгүй хувцаслах ёс зүй, гоо зүй гэж нэг юм байна. Манайхан ардчилсан орон, ардчилсан нийгэм, хүний эрх энэ тэр гэж хорин жил л ярилаа. Гэтэл тэр ардчилал, хүний эрх энэ тэр чинь маш өчүүхэн зүйлээс, наад зах нь тэр хүний өмсөн хувцас, эдэлж хэрэглэж байгаагаас эхэлдэг гэдгийг мэддэггүй нь харамсалтай.

Ер нь ч манайх шиг иргэдээ өмссөн зүүснээр нь ялгаварлаж гадуурхаад, “чи орж болно, чи болохгүй” гэдэг парламентын ордон дэлхийн өөр хаана ч байхгүй биз. Хүний өмссөн хувцас өөрт нь таашаалтай, зохимжтой, биед эвтэйхэн, хамгийн гол нь ажлаа хийхэд нь саадгүй байх ёстой. Тийм учраас хүн өөрийн хийж буй ажлаас шалтгаалаад хувцасных нь хэв маяг ч гэсэн өөр өөр байдаг. Албаны хувцас, костюм огт зохидоггүй хүн ч гэж байна. Хувцас гэдэг харагдах гадаад байдлаасаа гадна хамгийн гол нь хүний дотоод сэтгэл, өөрөө өөрийгөө илэрхийлэх байдал юм. Тийм учраас таны өмсөх хувцсыг би, миний өмсөх хувцсыг та зааж болдоггүй номтой. Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг ч бас “үг” шүү. Гэтэл манай Төрийн ордныхон ийм өчүүхэн зүйл дээр хүртэл хүний эрхийг хэт их зөрчих гээд байдаг болж. Тамгын газрынхан шиг төсвөөс цалин авч, төрийн албанд тангараг өргөөд зүтгэж байгаа бол бас яах вэ гэсэн. Гэтэл нийгмийн хамгийн чөлөөтэй хэсэг болох, тийм ч байхыг ажил мэргэжил нь шаарддаг сэтгүүлчдийн хормой хотоор оролдож, цай зөөгч хүүхнүүдтэй адилтган элдэв дүрэм журам тулгаад байх нь хаанахын ёс вэ. Тэгж л их анхаарал татаад , илүү үзэгдээд байгаа юм бол нүүр царайг нь ч бас далдлаад, нэгмөсөн хорт утааны баг өмсүүлчихвэл яасан юм.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж