Хуучирсан мэдээ: 2010.10.16-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

Бидний хайрт хүү, дотны хүн Жаран овогт Дээдэнжидийн Рагчаа 2010 оны аравдугаар сарын 14-ний өдөр авто ослын улмаас зуурдаар нас нөгчиж, гэр бүл, найз нөхөд, спортын анд нөхөд бидэнд хүнд гарз тохиолоо.

Д.Рагчаа нь Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул бөгөөд 1983 оны тавдугаар сарын 1-нд Улаанбаатар хотын 2-р Амаржих газарт Дээдэнжидийн зургадугаар хүү болон мэндэлжээ. Талийгаач 1998 онд Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын 8 жилийн дунд сургууль, 2000 онд Сэлэнгэ аймгийн 2-р 10 жилийн дунд сургуулийг төгссөн юм.

Д.Рагчаа нь өөрийн хүсэл сонирхлын дагуу сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, 2000-2004 онд Дархан-уул аймгийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байсан бөгөөд 2004 оноос Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-т “Монгол Даатгал” компанийн “Лидерүүд” “Бридж” констракшны “Баянзүрх буллз” багт тоглож, 2004-2005 оны сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн аваргын алтан медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан авьяаслаг тоглогч байлаа.

Тэрээр 2004 онд “Их Монголын алтан од” өргөмжлөл хүртэж байсан ба 2006 онд АНУ-ын Чикаго хотод болсон “Дэлхийн хамгийн өндөр хүн” шалгаруулах тэмцээнд оролцож, 1-р байрт шалгарч, Монгол орныхоо нэрийг гаргаж байсан нь хүн бүрийн сэтгэлд бахархал болон үлдсэн юм. Д.Рагчаа нь дэлхийн  хамгийн өндөр хүмүүсийн тоонд зүй ёсоор тооцогдож, өндрийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдээд байлаа. Түүний биеийн өндөр 2 метр 45 см байсан бөгөөд Монголын хамгийн өндөр биетэй, түүхэн хүн байсан юм.

Талийгаачийн маань бусдын хайрыг татсан тусархаг, цайлган цагаан зан чанар, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

Талийгаачийн аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхөд.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганхуяг, Ц.Сэдваанчиг, Ц.Мөнх-Оргил,
Монголын сагсан бөмбөгийн холбоо

“Бридж” констракшн, “Женко” групп, “Баянзүрх буллз” багийн хамт олон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж