Эмэгтэй жүдочид бүгд аваргын төлөө барилджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Эмэгтэй жүдочид бүгд аваргын төлөө барилджээ

Японы Нагаока хотод болсон жүдо бөхийн ахмадын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, таван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай ирсэн. Ялангуяа эмэгтэй жүдочид бүгд аваргын төлөө барилдаж, дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Монголд эмэгтэйчүүдийн жүдо бөхийг хөгжүүлэх эхлэлийг тавьсан гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны ууган шавь нар ийнхүү анхдагчийн үлгэр дууриалаа үзүүлсээр явна. 100 хувийн амжилт үзүүлсэн эмэгтэй жүдочдоо Наран улсаас эх нутагтаа хөл тавиад байхад нь уулзаж ярилцсанаа сонирхуулъя.

-Ахмад жүдочдын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Явсан замын сонин, тэмцээний онцлогоос сонирхуулаач?

-Бүх Японы ахмад жүдочдын аварга шалгаруулах долдугаар тэмцээн, Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн хамт зохиогдож, нээлттэй болсон. Тиймээс Бельги, Аргентин, Шинэ Зеланд гээд өөр тивийн тамирчид ирж оролцон, тэмцээнийг өргөн хүрээтэй болголоо. Япончуудын хувьд таяг тулдаг, явж чадахгүй шахам хүмүүс ирж дэвжээн дээр гараад яс өрсөлдөж байгаа нь сонин, сайхан санагдаж байлаа. Ач, гуч нар нь ирж дэмжээд, их гоё уур амьсгалтай тэмцээн болдог юм билээ. Бид өөрсдийгөө нас ахисан, барилдах цаг хэдийнэ өнгөрсөн гэж боддог байсан бол энэ тэмцээнд оролцоод үзэл бодол эрс өөрчлөгдсөн. Жүдогоор насан туршдаа хичээллэж болдог юм байна.

-Та нар бол Монголын анхны эмэгтэй жүдочид. 1990-ээд оны эхээр дотоод, гадаадын олон тэмцээнд оролцож явсан хүмүүс. Олон жилийн дараа дахин эх орноо төлөөлөн хилийн чанадад хүч үзэхэд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Бид нарын хувьд бүгдээрээ арваад жилийн дараа дэвжээндээ эргэн гарч байгаа юм. Дахиж барилдана гэхээр сэтгэл догдлоод, тэмцээнээ тэсч ядан хүлээж байлаа. Манай Н.Цэвэгмид, С.Нарантуяа хоёр маань тус бүр 2-3 кг жин хассан. Хэдий бага сонсогдож байгаа ч бэлтгэл хийлгүй удсан хүмүүст богино хугацаанд ийм их хөлс гаргахад тун хүнд байсан. Сүүлийн жилүүдэд манай жүдочдын амжилт эрс өсч, олимп, дэлхийн дэвжээнээс тогтмол медаль авч байна. Тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан идэр залуу тамирчдыг эцэг, эх нь сүү барин тосохыг бид байнга хардаг. Тэгвэл сая Д.Алтантуяа эгчийг гурван хүү нь угтлаа. Тивийн аварга болсон ээжийгээ хөвгүүд нь угтаж авч буйг харахад өвөрмөц, бас бахархмаар байсан шүү.

-Энэ тэмцээнд оролцоход бэрхшээл, хүндрэл юу байв?

-Ямарваа тэмцээнд оролцоход тохиолддог зардал, мөнгөний асуудал биднийг тойроогүй. Ахмадын тэмцээнд оролцоно гэхээр үл тоож, хайхрахгүй байгаа нь анзаарагдсан. Тиймээс бараг бүгдээрээ хувиасаа зардал гаргаж явлаа. Зарим нь машин тэргээ зарж байж Азийн АШТ-д оролцсон. С.Нарантуяад “Монгол нийгэмлэг” ТББ, “Цагаан шонхор” холдингоос зардлын тодорхой хувийг өгснийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн Японы элчин сайдын яамныхан виз олгох тал дээр их хүнд суртал гаргаж байсан. Биднийг жүдогигоо хийсэн цүнхээ үүрээд очихоор “Та нар захын наймаачдаас ялгагдахгүй байна” гээд үүднээсээ буцааж байлаа. Виз гарах үгүй нь мэдэгдэхгүй байсаар яг нисэх өдрийн өглөө бид зургаад зөвшөөрөл өгсөн юм. Гурван хүн маань татгалзсан хариу аваад үлдсэн дээ. Нэг нь бүр байгууллагаас нь бүх зардлыг нь гаргаж өгөх болчихоод байхад виз олгоогүй. Татгалзсан хариу авсан тамирчдын дотор самбо бөхийн анхны дэлхийн аварга Л.Бадамсүрэн маань хүртэл байлаа.

-Гадны тамирчдын ур чадвар, түвшин ямар байна?

-Азийн АШТ Японд зохиогдсон учир япончууд олноор оролцох нь тодорхой байлаа. Бидний хувьд тэднээс л эмээж байсан. Япон жүдочид техник сайтай ч бяр чадал муутай санагдсан. Бид хэдий нэг сарын бэлтгэл хийсэн ч тэднийг хүчээр бол ааглаж байсан.

-Та нарыг жүдо бөхөөр хичээллэж эхэлж байх үед хавчин гадуурхах хандлагатай байсан гэдэг. Одоо бол Монголын эмэгтэй жүдочид дэлхийн түвшинд өрсөлдөж байна…

-Ч.Машбат багш Монголд эмэгтэйчүүдийн жүдо бөхийг хөгжүүлэхдээ анх бие хамгаалах урлагийн секц хичээллүүлнэ гэж эхэлж байсан юм билээ. Тэгээд эхний хоёр долоо хоногт гэнэтийн халдлагын үед гарыг нь ингэж нугалах хэрэгтэй гэх зэргээр тулааны спорт зааж байгаад үндсэн хичээлдээ орж байсан юм. Үнэндээ Ч.Машбат багшийн анхны шавь нар бол тив, дэлхийн хэмжээнд амжилт гаргах гэж биш, эмэгтэй хүн бөх барилдаж болдог юм гэдгийг нийгэмд мэдрүүлэх зорилготой жүдо бөхөөр хичээллэдэг байлаа. Бараг хувьсгал шахуу юм даа. Тэр үед 20 нас хүрээгүй биднийг дэвжээ бузарлана гээд бэлтгэл хийлгэх газар олддоггүй байсан. Тэмцээн уралдаан ч гэж бараг байсангүй. Багш биднийг дагуулаад энд тэнд үзүүлэх тоглолт хийгээд явдаг байж билээ. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1989 оны зун хүүхдийн паркад үзүүлэх тоглолт хийсний дараа секцэнд маш олон хүүхэд орсон. Багш болон бидний уйгагүй хичээл, зүтгэлийн үр дүн яаж гарсан нь одоо олны нүдэнд ил болжээ. Багшийн минь хамгийн отгон шавь Д.Цэрэнханд гавьяат одоо ч ид хүч үзэж явна. Бидний хувьд “Монголд эмэгтэйчүүдийн жүдо бөх ингэж хөгжиж байлаа” гээд яриад явах нь чухал биш. Харин жүдогигоо өмсөөд бэлтгэлээ хийж, барилдаж байвал хойч залуу үеийнхэндээ үлгэр дууриал болох байх. Багш маань биднийг барилдуулахаас гадна бүгдийг нь сургууль соёлд оруулж, амьдралтай нь залгуулсан ачтан. Багшийнхаа, жүдогийн буянаар өдий зэрэгтэй яваагаа хэлэх нь зүйтэй биз ээ. Биднийг нэг зорилготой, Монголын төлөө сэтгэлтэй нэг хамт олон болгож хүмүүжүүлсэн Ч.Машбат багшдаа, бөхийн дэвжээндээ баярлаж явдаг даа. Багшийнхаа эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэх нь бидний эрхэм үүрэг. “Бээжин-2008” олимпийн наадамд багшийн отгон шавь Д.Цэрэнхандыг медалийн төлөө барилдаанд ялагдсаны дараа бидний хэдэн нөхөд эмэгтэй жүдочдынхоо залгамж халааг бэлтгэх үйлсэд гар бие оролцох нь зүйтэй гэж ярилцаад “Боржин” дэвжээг сэргээн байгуулсан. Энэхүү ажилд “Петродел” ХХК-ийн захирал, манай анхны эмэгтэй жүдочдын нэг Б.Батзаяа их үүрэг гүйцэтгэсэн.

-Ярилцлагынхаа төгсгөлд та бүхэн хойч үеийнхэн, залуу тамирчдадаа хандаж зөвлөгөө өгнө үү?

-Бид Монголд эмэгтэйчүүдийн жүдо бөхийг хөгжүүлэх гэж ямар бэрхшээл, саадтай тулж байснаа зах зухаас нь дурдлаа. Одоо бол бүх л нөхцөл, боломж нь бүрджээ. “Энэ цаг үед төрсөн бол…” гэж атаархах бодол төрдөг үе бий. Бид эмэгтэй жүдочдын анхдагч нь учраас хойч үеийнхэндээ үлгэр дууриал болох ёстой. Азийн ахмадын АШТ-д оролцож, анхны медалийг авсан нь үүний бас нэг илрэл юм. Залуу тамирчдадаа хандаж дэвжээгээ ор­хилгүй, жүдо бөхдөө үргэлж ойр яваарай гэж захья. Энэ дашрамд МЖБХ-ныхондоо та­лархал илэрхийлье. Менежментийн шинэ бодлого хэрэгжүүлж, жүдо бөхийг шинэ шатанд гаргаж чадсан холбооны хамт олны ажлын үр дүн олон талбарт гарч байна.

Зураг дээр. Арын эгнээнд, зүүн гар талаас: Я.Дорж, М.Батхуяг, О.Нарангэрэл, С.Эрхэмбаяр, С.Эрдэнэбаяр, Д.Батсайхан, н.Уянга, Ж.Батсуурь. Өвөр эгнээнд: Б.Алтансувд, Н.Цэвэгмид, С.Нарантуяа, Ч.Оюунтунгалаг, Б.Болорцацрал, Д.Алтантуяа

Эх сурвалж: “Таван цагариг” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж