“Формула-1” хойд хөршид ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“Формула-1” хойд хөршид ирлээ

ОХУ 2014 оноос эхлэн түүхэндээ анх удаа авто уралдааны хаан гэгддэг “Формула нэг”-ийн уралдааныг нутагтаа зохион байгуулах болсон талаар тус улсын ерөнхий сайд Владимир Путин өчигдөр мэдэгдсэн байна.

“Формула нэг”-ийн удирдлагууд Сочи хотын захиргаатай долоон жилийн хугацаатай гэрээ байгуулснаар 2014 оноос эхлэн 2020 оны улирал дуустал Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотод авто уралдааны шилдгүүд өрсөлдөх болжээ. Тус хотод мөн 2014 оны өвлийн олимпийн наадам болох билээ.

Энэхүү шинэ гэрээний талаар Владимир Путин “Формула нэгийн удирдлагатай хэлэлцэж, шийдвэрлэсний дүнд 2014-2020 оны хооронд Сочи хотод Оросын гран-при уралдааныг зохион байгуулахаар боллоо” хэмээжээ.

Уг мэдээллийг мөн “Формула нэг”-ийн тэргүүн ноён Берни Экклестоун батлан мэдэгдэж, авто спортын хаан ангиллын уралдааны хуваарьт Орос нэгдсэнийг зарласан байна. Тэрбээр “Формула нэг Орост зохиогдох болсонд сэтгэл хангалуун байна. Цаашид F1 Сочи хотын хөгжил, дэвшилд нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа” гэжээ.

Нутагтаа “Формула нэг”-ийг зохион байгуулах болсноор Оросууд өөрсдийн гэсэн F1-ийн багтай болох талаар тус улсын Авто уралдааны холбооны тэргүүн Игор Ермилин ам нээсэн байна. Харин оросын нисгэгчдийн тухайд энэ жил Виталий Петров “Renault” багтай гэрээ байгуулснаар F1-д хөл тавьсан анхны нисгэгч болсон билээ.

Өмнө нь Оросын зүгээс “Формула нэг”-ийн уралдааныг нутагтаа зохион байгуулахаар санал гаргаж байсан ч тухайн үед төдий л амжилт олоогүй юм. Харин энэ удаад тэдний хүсэл биелж, хойд хөршид авто спортын хаад уралдах болж байгаа юм.

“Формула нэг”-ийн тухайд сүүлийн үед хамрах хүрээгээ багагүй тэлж байгаа билээ. Энэ сарын сүүлээр F1-ийн нисгэгчид анх удаагаа Өмнөд Солонгост уралдах болсон бол 2011 оны улиралд мөн Энэтхэгийн гран-при зохиогдох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж