
Одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 41 хувь нь албан секторт, үлдсэн хэсэг нь хувийн хэвшилд хамаардаг байна. Ингэхдээ 1-9 ажилтантай ажлын байр хөдөлмөрийн зах зээлийн 82 хувийг эзэлж байгаа бол 10-16 ажилтантай нь 8.2 хувь, 20-49 ажилчинтай нь 6.1 хувь, 50-иас дээш ажилтантай ажлын байр 3.2 хон хувийг эзэлж буй аж. Энэ нь Засгийн газрын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг бүхий л талаар дэмжих шаардлагатай байгааг харуулсан үзүүлэлт гэнэ. Статистик мэдээг авч үзвэл Монгол Улсын хэмжээнд 2008 онд хөдөлмөрийн насныхан нийт хүн амын 49.5 хувийг эзэлж байсан бол 2009 онд 66.5 хувьд хүрч өсчээ. Харин 2009-2025 оны хооронд хөдөлмөрийн насныхан нийт хүн амын 61.5 хувийг эзэлнэ. Энэ нь Хүн амын цонхны үе эхэлснийг харуулж байгаа бөгөөд ажлын байрыг олноор бий болгохыг шаардаж байгаа аж. Хэрвээ энэ цонхыг зөв ашиглаж чадахгүй бол эдийн засагт эргээд хүндрэл учруулна. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хэлснээс үзвэл сүүлийн 20 жилийн хугацаанд эдийн засгийн бүтэц нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг шингээх чадваргүй явж иржээ. Үүнээс болоод хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний илүүдэл бий болж, тэр нь хөдөө аж ахуй, албан бус сектор руу голлон чиглэсний зэрэгцээ гадаад руу гарахад ч нөлөөлжээ. Тодорхой жишээ татвал, ажлын байрны хомсдолоос болж хүн амын хөдөөгөөс хот руу, хотоос гадаад руу чиглэсэн хөдөлгөөн идэвхжсэн байна. 2000 онд нийт хүн амын 42.8 хувь хөдөөд амьдарч байсан бол 2009 онд 37.4 хувь болж буурчээ. Тэгвэл гадаадад ажиллахаар хилийн дээс алхах нь ч нэмэгдсэн байна. 1990-ээд оны сүүлээр БНСУ-д 10 мянга гаруй монгол иргэн албан бусаар ажиллаж байсан бол одоо энэ тоо 40 мянгад хүрсэн гэсэн албан бус мэдээлэл ч бий аж.
Тиймээс нийт ажиллах хүчний дөнгөж 40 хувийг шингээж байгаа хөдөлмөрийн зах зээлийг тэлэхийн тулд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, татварын таатай орчин бүрдүүлэх гээд олон талын арга хэмжээ авах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид санал нэгтэй тэмдэглэлээ.
Хөдөлмөрийн чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод хамтран зохион байгуулж, хот хөдөөгийн 400 гаруй төлөөлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд оролцож, цаашид хөдөлмөрийн зах зээл бий болгоход ямар хөтөлбөр боловсруулах шаардлагатайг иргэдийн санал шүүмжлэлээс ч багагүйг дуулж авав.