
Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэлд дурдсанаар 2010 оны хувьд авч үзвэл мөнгөний нийлүүлэлт 3.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 42.6 хувиар, гадаад валютын нөөц 1.6 их наяд ам.долларт хүрч мөн оныхоос 21.1 хувиар өсчээ. Мөн иргэдийн мөнгөн хадгаламж өмнөх оныхоос 34.6 хувиар, харилцах хадгаламж 73 хувиар өссөн мэдээ дуулгалаа. Харин ирэх жилийн тухайд төв банк энэ оных шиг гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээгээ үргэлжүүлнэ. Уул уурхайг дагаад гадаад валютын төгрөгтэй харьцах ханш суларч байгаа ч 2013 он хүртэл санаа зовох зүйлгүй. Хэрвээ энэ хугацаанд монгол төгрөг хэт чангарвал төв банк зарчмын арга хэмжээнүүд авах болно. Гол нь Оюутолгой, Тавантолгойн ордууд эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлж эхлүүт, үндэсний компаниудын өрсөлдөх чадвар суларч, сөрөг үр дагавар дагуулах тул Монголбанкны зүгээс үүний эсрэг арга хэмжээ авах, эрсдлийг тооцох, болж өгвөл өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх стратеги боловсруулахыг УИХ-ын дарга болоод Засгийн газрын тэргүүнд санал болгожээ.
Учир нь гадаадын валютын нөөц одоогийн байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрсэн, 2013 он гэхэд энэхүү нөөцийн хэмжээ арав дахин өснө гэсэн урьдчилсан тооцоог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан нь жижиг эдийн засагтай Монгол Улсын хувьд асар их хэмжээний гадаад валют ороод ирүүт шингээх чадваргүй болж, түүнээсээ эрсдэл маш ихээр амсах дүр зураг харагдаж буй юм байна.
Мөн төв банкны зүгээс санал болгосон хоёр дахь чухал санаа нь иргэдийн мөнгөн хадгаламж, харилцах хадгаламжид төр баталгаа гаргасныг эргэж харахыг хүсчээ. Одоогийн байдлаар зөвхөн харилцах хадгаламж 3.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвтэй тэнцэж буй бөгөөд төр ийм том эрсдлийг өөр дээрээ авчихаад байгаа юм.
Харин гурав дахь асуудал болох инфляцыг төв банк ирэх жил нэг оронтой тоонд барина гэснээс биш тодорхой тоо алга. Өөрөөр хэлбэл, 1-10 хүртэлх энэ олон тооноос алийг нь тооцсон нь тодорхойгүй. Дээр нь бодлогын хүүгээ буулгах эсэх нь эргэлзээтэй. Гэтэл Монголбанкны бодлогын хүү өндөр байгаагаас арилжааны банкуудын зээлийн хүү буудаггүй, одоогоор хамгийн бага хүүтэй гэж буй Төрийн банкны урт хугацаат орон сууцны зээлийн хүү жилийн 12 хувьтай байгаа нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт. Нэг үгээр хэлбэл, Монголбанкны бодлогын хүү өндөр байгаагаас арилжааны банкнуудын зээлийн хүү буудаггүй. Арилжааны банкны хүү өндөр байгаагаас иргэд зээл авч чаддаггүй гээд бие биенээсээ хамааралтай гинжин урвал үүсч, түүнийг таслах этгээд одоогоор алга.
Хэрвээ бодлогын хүү буурвал арилжааны банкуудын зээлийн хүү буурч, тэр хэрээр ганзагын наймаа цэцэглэх бус үйлдвэр хөгжүүлэх боломж бүрдэх учиртай. Тиймээс монголбанк бодлогын хүүгээ бууруулж, Японы Шуудан банк шиг 1 хувиас хэтрэхгүй хамгийн бага хүүтэй зээлийг олговол Монгол Улсын эдийн засагт бодит сэргэлт гарч, тэр хэрээр орон сууцгүй зутарч яваа олон мянган иргэнээ урт хугацаатай зээлээр хангахын зэрэгцээ үйлдвэрүүд хөгжиж, ажлын байр шинээр бий болно шүү” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг УИХ-ын зарим гишүүн төв банкны удирдлагад өглөө. Харин төв банкны ерөнхийлөгч “боломжгүй” гэсэн хариулт өгч байна. Учир нь үүний тулд Монголын банкны системд иж бүрэн өөрчлөлт хийх шаардлагатай гэнэ.
Нэн тэргүүнд хууль эрх зүйн орчноо өөрчлөх. Одоо үйлчилж байгаа хуулиар арилжааны банкууд нь иргэдийн мөнгөн хадгаламжийг дээд тал нь нэг жилийн хугацаатай хадгалахаар авсан байдаг. Харин хөрөнгө оруулалтын чиглэлээр олгох зээлийн хугацаа урт байх ёстой учраас зөрчилддөг аж. Нөгөөтэйгүүр, хууль эрх зүйн талаасаа иргэдийн мөнгөн хадгаламжийг хөрөнгө оруулалтын урт хугацаа шаардсан зээлд олгох нь хуулиараа хориотой. Тиймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэснийг Монголбанк дэмжиж байгаа аж. Мөн төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн тайлбараар арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь тэдгээр нь санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор зээлийнхээ эрсдлийг маш сайн тооцоолдог болжээ. Эрсдэл бага үүрэх зорилгоор түүнийгээ зээлийн хүүд шингээдэг болсон. Хэрвээ найдваргүй зээл болж хувирвал барьцаа хөрөнгийг мөнгө болгон хувиргахаас аргагүй. Үүнд наад зах нь 6-7 жил шаарддаг тул арилжааны банкуудын хувьд харгалзах зүйл бийг ч бас анхааруулав. Зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэр гаргах шатанд дээрх хугацааг шаарддаг байна.
Мөн Монголбанкны ерөнхийлөгч хэлэхдээ “Бодлогын хүүг буулгамаар байна, үүний тулд Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэх шатанд багасгах ёстой” гэсэн барьцаа шаардав. Харин парламентын төвшинд 2011 оны нэгдсэн төсвийг “жижигрүүлнэ” гэдэг бүтэшгүй зүйл бололтой. Засгийн газраас боловсруулсан дээрх нэгдсэн төсөвт иргэн бүртээ сар тутамд 21 мянган төгрөг олгохоор тусгасан. Дээр нь их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 140 мянга гаруй оюутны сургалтын төлбөрт зориулж Хүний хөгжлийн сангаас тус бүр 500 мянган төгрөг олгоно. 2008 оны сонгуулиар амласнаа хэрэгжүүлэхийн тулд улстөрийн намууд энэхүү амлалтаасаа буцах эрхгүй. Тэгэхээр зөвхөн 2011 оны хувьд Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгох 700-800 тэрбум төгрөгийг гар өргөн дэмжихээс аргагүй болно. Энэ нь нэг ёсны инфляци болж үйлдвэрлэгдэх учраас төв банкны ерөнхийлөгчийн “2011 оны нэгдсэн төсвийг жижигрүүлээд өг” гэдэг хүсэлт ч биелэхгүй, Монголбанк ч бодлогын хүүгээ буулгана гэдэг лөөлөө болох бололтой.