Гучин гурвын төлөө 17 саяулаа

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Гучин гурвын төлөө 17 саяулаа

Нурсан уурхайн гарцгүй болсон хонгилд 68 хоног хоригдож байсан чили уурхайчин Луйс Урзуаг газрын хөрснөөс доош 700 орчим метрийн гүнээс гарч ирэхэд улсынх нь ерөнхийлөгч Пинейро тосон тэврэхдээ, “ Чи бол бидний урам зоригын илэрхийлэл байсан шүү” гэж хэлэн угтаж авчээ. Хүнд бэрх сорилтыг давж гарсан 54-тэй энэ эр Сан Хосегийн зэс олборлох уурхайн доороос амь аврагдсан 33 уурхайчны хамгийн сүүлийх нь байлаа. Хоёр сар гаран өнгөрөх энэ хугацаанд Чили улс тэр чигээрээ уурхайчдынхаа төлөө сэтгэл санааны эв нэгдлээ гайхуулсаар ирсэн юм. Жирийн иргэнээсээ улсынхаа ерөнхийлөгчөө хүртэл итгэл найдвараа хамтатган нэг ч өдөр анхаарлаа сулруулахгүйгээр тэмцсэн тэдний чармайлтыг дэлхий нийтээр гайхан шагшиж байлаа. Чили уурхайчдыг аврах ажил бараг бүтэн хоног (22 цаг 37 минут) үргэлжлэх зуур дэлхий даяар энэ үйл явдлыг анхааран ажиглаж байсан бөгөөд аврагдсан уурхайчид гэр бүлийнхнээ тэврэх тэр мөчид дэлхийн олон сая хүн чин сэтгэлээсээ баяр хүргэн алга ташиж, нэр хүнд бүхий хэд хэдэн телевизийн сувгууд энэ үйл явдлыг шууд дамжуулан хүргэж байлаа. Дэлхий нийтээрээ хүлээж байсан энэ баярт үйл явдлыг харж сонсож байх зуур анхаарал татсан хэд хэдэн мэдээллийг эргэцүүлж бас харьцуулан бодож байлаа.

Удирдагч байна гэдэг ….

Чили улсын орлогых нь 40 хувийг дангаараа олж өгдөг уул уурхайн салбарт хүчээ өгч байсан эгэл жирийн уурхайчдынхаа төлөө сэтгэл зовнин хүлээж зогсох Чилийн ерөнхийлөгч Себастьян Пинейрогийн дүр зураг болон ард олноо зоригжуулсан үгс нь энэ бүх хугацаанд олон улсын мэдээллийн сувгуудын хамгийн сэтгэл хөдөлгөсөн зураглал болж байсан нь лавтай. Гэвч энэ бол ямар нэг хуурамч сурталчилгаа огт биш байлаа. Тэрээр Өмнөд Америкийн уул уурхайн салбар хүчтэй хөгжсөн энэ орны Ерөнхийлөгчөөр сонгогдоод ердөө л долоохон сар болж байгаа билээ. Ерөнхийлөгч Пинейро Сан Хосегийн уурхайн аврах ажиллагаанд анхаарал тавин түүний үр дүнд хоног ч сатааралгүй анхаарч байсан нь магадгүй түүний өндөр албан тушаалын богинохон ч гэлээ адармаатай баян түүх бүхий замналтай ч холбоотой биз. Түүнийг ерөнхийлөгчийн тангараг өргөж байх тэр үед Чили улсад ээлжит газар хөдлөлт болж амь хохирсон иргэдийх нь тоо олон зууд хүрч байсан юм. Дараалан болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэн олон тэрбум ам.долларын хохирол амссан улс орон, ойр дотныхноо алдаж гашуудсан олон мянган  хүмүүсийн дунд орж зовлон бэрхшээлийг хамт сөрөхөө амлаж явсан Чилийн шинэ ерөнхийлөгчийн сэтгэлд магадгүй “ дахин нэг ч иргэнээ алдахгүй юмсан” гэсэн бодол гүн хадагдсан байхыг үгүйсгэхгүй юм. Амар биш тэр хүнд үеийг ард түмэнтэйгээ хамт даван туулсан түүний хувьд дахин гуч гаран иргэнээ зүгээр “тавиад туучихгүйн” тулд чадах бүхнээ хийсэнд нь гайхах зүйл алга.
Түүнийг ерөнхийлөгч болохоос нь өмнө Форбес сэтгүүлийн дэх дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 37-д бичигддэг тэрбумтан гэдгээр нь л мэдэх төдий байсан дэлхийн хүмүүс өнөөдөр харин жинхэнэ үндэстний удирдагчийн шилдэг жишээ болгон харж байгаа нь лавтай. Тэрээр ийм хүндэтгэл хүлээх зүйлийг хийсэн гэдгийг ч энд дурдах ёстой байх. Жирийн уурхайчдаа аврахын тулд тэрээр олон сая ам.долларын зардал гарах болсныг мэдэж байсан ч үүнд огтхон ч ач холбогдол өгөөгүй бөгөөд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэхээс зайлсхийхийг ойр тойрныхондоо зөвлөж байсан гэнэ. Түүний хувьд хүмүүсийн амь насыг аврах гэдэг гол зорилтоос нийтийн анхаарлыг хөндийрүүлэхийг огтхон ч хүсээгүй аж. Харин үйл явдал нааштай төгссөний дараа мэдээллийнхэн энэ аврах ажиллагаанд хамгийн багаар бодоход 22 сая ам.долларын зардал гарсан болохыг мэдээлж байна.

Гэвч Чилийн ерөнхийлөгчийн хувьд тоо биш харин амьдралд буцаж ирсэн 32 чили иргэнийх нь, бас тэдэнтэй цуг зовлон жаргалыг хамт хуваалцсан боливи иргэний амь чухал байв. Тэгэхдээ энэ бүхнийг байдаг л нэг улстөрчийн болхидуу “шоу” биш харин жинхэнэ ажил хэрэгч, ухаалаг удирдагчийн авьяас чадвараар хурдан бөгөөд ямар ч алдаагүй зохион байгуулсныг харах үнэхээр бахархмаар байлаа. Тэрээр уурхайчдаа аврахын тулд гадаад улс орны хамгийн сайн мэргэжилтнүүдийг урин авчирсан байна. Тэдний тоонд газрын гүнд хоригдсон уурхайчдад нь зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөөг өгөхөөр АНУ-ын сансар судлалын НАСА байгууллагын мэрэгжилтнүүд хүртэл ирж байсан гээд бодохоор тэрээр  ямар их чармайлт гаргасныг харж болно.
Юу ч гэмээр юм дээ, энэ хүний жишээг харсан манай улстөрчид цаашдаа олон зүйлийг тусгаж аваа­сай гэж бодохоор. Ядаж л сүйрлийн дараа хүнд шархтай хэн нэгний хэвтэж байгаа эмнэлгийн өрөөнд хэв­лэлийнхнийг дагуулан сүржигнэн орж “пи-ар” хийдэг, эсвэл ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр болж хоосон дүрэмддэгээ болих биз. Удирдагч байна гэдэг зөвхөн баян хөрөнгөтэй, бадруун дүртэй, бахирч хэрэлдэхдээ гарамгай байхыг хэлдэггүй аж. Чилийн ард түмэн, удирдагч нарын бас нэг бахархмаар үлгэр жишээ нь тэдний гайхалтай эв нэгдэл байсныг ч мартаж болохгүй.

Нэг дэлхийн амьсгал..

Түрүүнд дурдсанчлан Чили бол уул уурхайн хөгжлөөр ахицтай яваа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт, шинэлэг техник технологийг нэвтрүүлж ашиглах талаар багагүй туршлага олсон улс орон юм. Энэ байдал нь ч саяын аврах үйл ажиллагааг амжилттай болоход бас нөлөөлсөн гэдгийг дурдах нь зүй­тэй. Тэгэхдээ нөхцөл байдал амар хялбар байсангүй. Олон жил ашиглагдаж ирсэн Сан Хосегийн уурхайн “зулайн” хөрс цөмрөхгүй гэх баталгаа байгаагүйн дээр уурхайчдад хүрэх замд уулын хад чулуу хөндөлдөж байлаа. Энэ бүх бэрхшээлийг даван гарахад зөвхөн төр улсынх нь удирдлага төдийгүй хувийн хэвшил тэр дундаа хамтарсан хөрөнгө оруулалт бүхий комдпанийн оролцоо гол үүрэг гүйцэтгэсэн байна. Уурхайчдыг аврахын тулд гурван ч хувилбар гаргасан бөгөөд Б хувилбар буюу найдлага тавьж байсан Т-130 хэмээх техникээр хийсэн өрөмдөлтийн үеэр 288 дахь метрт өрөм нь хугарч ажил зогссон юм. Бүхнийг дахин эхлүүлэх тэр үед олны хүлээлт алдуурахад ойртож ирсэн гэхэд болно. Гэвч чиличүүд шантарсангүй өөр арга зам хайжээ. Чилийн төрийн өмчит дэлхийд уул уурхайн олборлолтоор нэр хүндтэй Коделко компани Австралиас авчир­сан Страта 950 хэмээх өрмийн маши­наа ашиглах санал тавьсан гэдэг. Дөчин тоннын жинтэй энэ техникийг уурхайн агааржуулах хоолой гаргахад ашигладаг байсан бөгөөд 5 м өргөнтэйгээр 1300 м гүн өрөмдлөг хийх аүчин чадалтай байжээ. Хэдийгээр техник нь байсан ч мэргэжлийн жинхэнэ ур чадвартай багийг бүрдүүлэх шаардлага гарсан байна. Чили болон АНУ-ын хамтарсан нэгэн компанийн менежер Стефаник АНУ-ын Пенсильвани дахь ердөө л 100 орчим ажилчинтай Сентр Рок Инк компанийн захирал Фишерт энэ ажилд оролцох саналыг тавьсан байна. Ердөө л 12 жилийн туршлагатай ч 2002 онд мөн л уурхайн гүнд 3 хоног хоригдсон 9 уурхайчны амийг аварч байсан энэ компани Чили рүү өөрийн багийг явуулжээ. Мөн тэдэнтэй Афганистанд цэргийнхэнд зориулан худаг ухах ажлыг гүйцэтгэж байсан өрөмдлөгийн арвин туршлагатай мастер Жефф Харт нэгджээ. Ингээд туршлагатай баг болон түүний гардан гүйцэтгэсэн өрөмдлөг 700 метрт хоригдсон уурхайчдын авралын хонгилыг “бүтээж” чадсан байна. Гайхалтай буянтай ажлыг хийж чадсан Сентр Рок Инк компанийн ажилчид “Жижиг компани ч их зүйлийг бүтээж чаддаг юм байна “ гэж сэтгэл хөдлөн ярьж байсан гэнэ. Харин аврагдсан уурхайчдын дунд жинхэнэ баатраар тодроод байгаа өрөмдлөгийн мастер АНУ-ын иргэн Жефф Харт хэлэхдээ, “Өмнө нь газрын тос, худаг усны өрөмдлөг хийж байхад алдсан ч нэг л нүх үлдэхээс өөр харамсах зүйл байгаагүй. Харин энэ удаа хүмүүсийн амь нас үлдэх байсан болохоор тэс өөр байсан. Өнөөдөр энэ бүхнийг эргэн санахад зүрх савлаж байна шүү” гэж ярьжээ.

Даяаршсан энэ халуун дэмжлэ­гийн зэрэгцээ Чилийн бүх ард түмэн 33 уурхайчнаа байнга дэмжиж бай­сан нь, мөн хэцүү байдалд орсон ч эх оронч сэтгэл, өөдрөг хүслээр бэрхшээлийг давж гарах ухаан гаргаж чадсан уурхайчдын тэмцэл энэ бүхэн дэлхийн нийтэд гүн сэтгэгдэл төрүүлсээр байсан юм. Газрын дээр болон доор олон зуун метрийн зайд тодорхой биш нөхцөл байдлаар таслагдсан хэдий ч хамтдаа тэмцэж, хамтдаа дуулцгааж, бас эх орныхоо үндэсний баярыг хамтдаа тэмдэглэсээр үхлийн аюулыг гэтэлж чадсан чилийн уурхайчид болон Чилийн ард түмэн, ерөнхийлөгч нарын гайхалтай эв нэгдэл энэ цаг үеийн нэгэн тод түүх болон үлдэж чаджээ. Ийм улс орноор бахархахгүй байхын аргагүй юм даа.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж