Д.Сарангэрэл МСНЭ-ийн сонгуульт ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл МСНЭ-ийн сонгуульт ажлаа өглөө

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн Гүйцэтгэх хороо, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурал өнөөдөр болж, тус эвлэлийн ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцсэн байна.  МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэл сонгуульт ажлаасаа сайн дураар  чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг уг хурлаар хэлэлцэж, хамтарсан хурлын гишүүд уг хүсэлтийг хүлээн авч, түүнийг МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Д.Сарангэрэл нь МСНЭ-ийн III, IV их хурлаас тус эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж ирсэн билээ. МСНЭ-ийн Гүйцэтгэх хороо, Хяналтын зөвлөл монголын сэтгүүлчдийн байгууллагыг чадмаг удирдан зохион байгуулж, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж ирсэнд нь Д.Сарангэрэлд талархал илэрхийлжээ.

МСНЭ-ийн дүрмээр хүлээлгэсэн эрх, үүргийн холбогдох заалт, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Сарангэрэлийн саналыг үндэслэж тус эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, сэтгүүл зүйн ухааны доктор профессор Т.Баасансүрэнг санал нэгтэй баталсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж