Монголд хөрөнгө оруулагчид Хонконгд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Монголд хөрөнгө оруулагчид Хонконгд чуулж байна

Намрын налгархан  өдрүүдэд  Хонконг уул уурхайн томоохон чуулга уулзалтаар ид амьсгалж байна. 

Аравдугаар сарын 12-нд  “Conrad” зочид буудалд эхэлсэн  “Mining Investment Insight-2010” хурал өнөөдөр “Mongolia Investment Summit-2010” чуулганаар үргэлжилж байна.
 
“Mongolia Investment Summit-2010”  хурлыг  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нээсэн бөгөөд Монгол улсаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат,  Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга З.Батхишиг, Монголын бизнес зөвлөлийн Ерөнхийлөгч Жим Дуер нарын албаны хүмүүс, “Хаан” банк, “Голомт” банк, “Мон Атом” групп, “Мо Эн Ко” зэрэг  банк, санхүү, уул уурхайн компаниудын удирдлагууд оролцож байгаа юм. Хурлын гол сэдэв нь Азийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх барианд Монголыг хэрхэн багтаах вэ, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөв, ашигт малтмалын салбарын эдийн засгийн чадавхийг хэрхэн  сайжруулах вэ гэсэн олон чухал асуудлыг хөндсөн сонирхолтой илтгэлүүд тавигдаж байна. Уг хурлыг  Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар уул уурхайн чиглэлээр олон улсын хурал чуулганыг дагнан зохион байгуулдаг “Beacon”,  Английн “Mining Journal” сэтгүүлтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Нийт 200  гаруй төлөөлөгч оролцож байгаагаас 160 нь  уул уурхайн компанийн төлөөлөл  аж.

Уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийнхнийг урьж оролцуулж буйгаараа чуулганы  онцлог оршино гэж “Mongolia Investment Summit-2010”-ийг  зохион байгуулагчид ярилаа.  Чуулган хуралд оролцогчдоос сэтгэгдлийг нь сонслоо.

“Rodman Renshaw” хөрөнгө оруулалтын банкны хэлтсийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Жамул:

Хонконг бол Азийн бүс нутгийн санхүүгийн нэг том төв. Азийн нутаг дэвсгэрт оршдог гэдэг утгаараа Хонконгийн хөрөнгийн эх үүсвэрүүд болон  зах зээл Монголыг сонирхох нь гарцаагүй. Тэгээд ч  энэ бүс нутгийн улс төр, эдийн засгийн эрсдлүүдийг илүү ойлгох байх.   Монгол Улс Хятадын эдийн засгийн хөгжил дэвшилд тулгуурлан ашигт малтмал, бусад чиглэлийн үйлдвэрүүдээ хөгжүүлэх боломжтой. Энэ талаасаа Хятадад юу хэрэгтэй байна гэдгийг Хонконгийн зах зээл илүү сайн мэдэрнэ. Миний бодлоор Хятадын зарим компани Монголын уул уурхайн төслүүдийг худалдаж авах сонирхолтой байна. Энэ нь Монголын компаниудад мэдээж таалагддаггүй. Монгол компаниуд төслүүдээ өөрсдөө чадах ядахаараа авч явъя гэдэг нь зөв. “Mongolian Mining Corporation” шиг томоохон бирж дээр хувьцаагаа  өндөр үнэд хүргэхийг хүсч байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга З.Батхишиг:

 Монголыг олон улсын  уул уурхайн хөрөнгө оруулалтын банк, томоохон компаниуд сонирхож байгаа нь энэ хурлаас харагдаж байна.  Монгол банкны мэдээллээр бол энэ   онд Хонконг болон Канадаас Монголын уул уурхайн салбарт орж ирж байгаа хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал бол өмнөхөөсөө арав дахин өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс  энэ  чуулганы гол ач холбогдол нь  манай улсын уул уурхайн тодорхой хэмжээний төслүүдэд гаднаас хөрөнгө оруулахад чиглэж байгаа юм. Монголын компаниудад  хамтран ажиллах түншүүд  олдоно. Уг хурлыг болохын өмнөх өдөр буюу аравдугаар сарын 13-нд Хонконгийн хөрөнгийн бирж дээр  “Mongolian Mining Corporation” хувьцаагаа арилжаалж эхэлсэн. Тэгэхээр манай уул уурхайн компаниуд олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох боломж их байна.
 

Аравдугаар сарын 14. Хонконг. 2010.
The Mongolian mining journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж