Ц.Сэдванчиг гишүүн Ерөнхий сайдад дахин хандлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Ц.Сэдванчиг гишүүн Ерөнхий сайдад дахин хандлаа

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын орчмын газар нутагт хувиараа алт олборлож байгаа иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад 2009 оны есдүгээр сарын 10-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярт санал хүргүүлж шаардагдах арга хэмжээ авахыг хүссэн ч Засгийн газраас энэ хугацаанд тодорхой ажил хийгээгүй учир Ерөнхий сайд С.Батболдод дахин ханджээ.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг болох Зүүн жалгын Ногоон гол, Хавханы хавцал орчмын хэд хэдэн газар 2000 гаруй хувиараа алт олборлогч суурьшин алт олборлож байгаа аж. Хувиараа алт олборлогч иргэдийн дур зоргоороо, түрэмгий дайран ажиллаж байгаа энэ үйлдлээс байгалийн унаган төрх хэрхэн сүйтгэгдэж, нөхөж баршгүй их хохирол учирч байгааг ганцхан жишээгээр хэлбэл аймгийн байгаль орчны байцаагч нарын хийсэн шалгалтаар голын эрэг дагуу 2.5 км урт, 60 гаруй метрийн өргөн ойг тайрч устган, 2-16 метрийн гүн 200 гаруй нүх ухаж орчныг сүйтгэсэн дүн гарчээ. Энэ нутаг тайгын сэрүүн бүсэд оршдог тул нөхөн сэргээлт хийсэн ч маш удаан хугацаанд төлждөг онцлогтой.
Иргэдийн мэдээллээс үзэхэд хамгийн ноцтой нь Хөгийн голын эх хэсгийн алт үндсэндээ дууссанаас хувиараа алт олборлогч нарын нүүдэл голоо өгсөн улам цаашилж, Монгол-Оросын хилийн наахан тулж очсоны зэрэгцээ хойт тайгын бүсээр нутагладаг цаатангууд хоёр улсын хилийн зааг орчмоос алт олборлож эхэлсэн байна. Үүнээс үүдэж нэг талаас цаатангууд нөгөө талаас нүүдэллэн давшиж байгаа хувиараа алт олборлогч нарын хооронд алтны төлөөх тэмцэл гарч, хүссэн газартаа очиж чадаагүй хувиараа алт олборлогч нар цаатангуудтай буудалцах болсон талаар ам дамжин ярих болсон байна. Хэдийгээр энэ нь ам дамжсан яриа мэт боловч анхаарахгүй өнгөрч болохгүй зүйл юм. Хүний амь нас, байгаль орчин, ан амьтаныг хамгаалахтай холбогдсон асуудлаас гадна Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил залгаа улстай гэрээгээр байгуулсан улсын хилийн дэглэм зөрчигдөхөд хүрч болзошгүй юм. Орон нутгийн төр, захиргааны байгууллага, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх хэмжээнийхээ хүрээнд арга хэмжээ авч байгаа боловч төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт, шуурхай арга хэмжээг яаралтай авах шаардлага буй талаар Ерөнхий сайд С.Батболдод дахин хандсан байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж