Lego шинэ хувилбараа гаргана

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Lego шинэ хувилбараа гаргана

Данийн Lego группээс хүүхэд багачуудад зориулан гаргадаг цуврал видео тоглоомын нэгэн шинэ хувилбар “Lego Universe” энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна. NetDevil болон Warner Bros Interactive Entertainment нар хамтран хөгжүүлж зах зээлд гаргаж буй энэхүү видео тоглоом нь зөвхөн персонал компьютер дээр тоглогдох боломжтой. Учир нь “Lego Universe” нь тоглоомын сервер сүлжээ ашиглан олон тоглогч нэгэн зэрэг тоглох горимтой аж. Тиймээс нэг тоглогчийн горим “Lego Universe”-д байхгүй, “Warcraft”, “Starcraft” зэрэг тоглоомуудын нэгэн адил сүлжээгээр өөрийн Lego баатраа сонгон авч найз нөхөдтэйгөө тоглох ёстой гэнэ. Тиймээс 10-аас дээш насны хүүхдүүд энэхүү Lego-гийн шинэ хувилбарыг тоглох боломжтой. Lego нь “Batman”, “Indiana Jones” зэрэг алдартай зохиол бүтээлүүдийг өөрийн тоглоомын ертөнцийн нэгэн хэсэг болгон худалдаанд гаргаж хүүхэд багачуудын эчнээ танил болсон юм.

Анх 1932 онд модоор хийсэн эвлүүлж угсардаг тоглоом үйлдвэрлэн гаргаж эхэлснээр “Lego”-гийн түүх эхэлдэг гэнэ. Түүнээс хойш 1949 онд хуванцараар тоглоомоо үйлдвэрлэснээр бүх дэлхий даяар тархаж шоо хэлбэрийн эвлүүлж угсардаг энэхүү наадгайгаар тоглож өсөөгүй хүүхэд ховорхон болжээ.

Харин видео тоглоомын зах зээлд тус групп хөл тавьсан ч өөрийн онцлогоо алдсангүй, тоглоомын бүх дүрүүд болон орчин нь тэр чигээрээ угсардаг шоогоор нь бүтсэн байдгаараа онцлогтой. Ямар ч багачуудад зориулсан тоглоомоос “Lego”-гийн тоглоом ийнхүү ялгарч чаддаг.

Одоогоор дээр дурдсан видео тоглоомуудаас гадна “Star wars”, “Hero factory”, “Atlantis”, “Harry potter”, “Toy story”, “Prince of Persia” зэрэг цувралуудыг зах зээлд гаргаж хүүхэд багачуудыг байлдан дагуулаад байна.  

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж