
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын газар тариалангийн гурван компани нийт 1800 га талбайгаас тариа хураан авч, малчид болон нөхөрлөлүүд нийт 10800 тонн хадлан тэжээл бэлтгэн, хашаа саравчаа засч, отор нүүдэл хийж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж байна. “Мөнхийн Дуурлиг” компани 150 га талбайд ногоон тэжээл тариалж хураан аваад сумын тэжээлийн нөөцийг бэлтгэж байна. Мөн сумын ойн нөхөрлөл, хамтлагуудын үйл ажиллагааны менежмент төлөвлөгөө боловсруулах мэргэжил арга зүйн сургалт Биндэр суманд болж таван нөхөрлөл оролцлоо. Малчны бүлгийг үүсгэн байгуулах сургалтыг сумын Ө.Лхагва ахлагчтай Лонхотын бүлэг дээр зохион байгуулж, бүлэг байгуулах сонирхолтой 30 иргэн оролцож бүлэг байгуулав.
Дашрамд сонирхуулахад улсын төсвийн 330 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийн Дуурлигийн дэнж дээр “Монгол Хатад”-ын өргөө цогцолборын барилгын явц 80 хувьтай байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох аж. Энэ нутгаас богд гэгээнтний хоёр хатан тодорсон түүхтэй.
И.Байгалмаа