Мөнгөний бодлогыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаарх мэдээллийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хийлээ. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх бодлого баримтална хэмээн тусгажээ. Түүнчлэн эдийн засгийн хямралд өртөмтгий эмзэг байдалд хүргэхгүй байх, хямралыг сөрөх чадавхийг бий болгох зорилгоор макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын эрүүл зохистой байдлын шинжилгээ хийж, төрийн мөнгөний бодлогод тусган хэрэгжүүлнэ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь микро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг баримтлахаас гадна Монголбанк гадаад валютын огцом өөрчлөлтийг зөөлрүүлэх чиглэлээр оролцох зорилт дэвшүүлжээ. Монголбанкны зүгээс гадаад зах зээлийн орчин сайжирч, Монголбанк, Засгийн газрын хямралыг давах туулах бодлого үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа бөгөөд манай эдийн засаг 2007-2009 оны хямралаас аажмаар гарч, 2010 оны эхний хагаст 5 хувиар өссөн дүн гарсан байна. Инфляци оны эхэнд огцом өссөн боловч Монголбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд өсөлт саарч 11.2 хувь болсныг дурдлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж