Б.Наранбаатар Германы лигт зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Б.Наранбаатар Германы лигт зодоглоно

Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар бөхийн чөлөөт барилдааны Германы Бундеслигт зодоглохоор болжээ. Энэхүү лигийн тэмцээн хэдийгээр Германы гэсэн тодотголтой боловч Европ тивийн шилдэг тамирчид клубуудтэй гэрээ байгуулсны дагуу Германы клубыг төлөөлөн барилддаг учир албан бусаар Европын лиг гэгддэг томоохон тэмцээн юм. Харин энэ улирлын лигийн тэмцээнд Ази тивээс ердөө хоёрхон бөхөд урилга ирсний нэг нь манай тамирчин Б.Наранбаатар юм. Түүний хамт олимпийн наадмын мөнгөн медальт, Японы тамирчин Т.Мацүнага Шар тивийг төлөөлөх ажээ.

Бундеслигийн тэмцээнд Германы нийт 24 клубын жин жингийн хамгийн шилдэг тамирчид оролцох бөгөөд жингээ үзүүлээд шууд дэвжээнд гарч барилддаг, мөн нийт таван үе барилддагаараа онцлогтой юм. Барилдааны туршид гурван үед ялалт байгуулсан тамирчинд ялалт өгдөг ажээ. Иймээс тамирчин хүнээс өндөр төвшний бэлтгэл сургуулилт, техник, тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой.

Б.Наранбаатарын тухайд ойрын өдрүүдэд хилийн дээс алхах бөгөөд нийт есөн долоо хоногийн турш Германд байж, Бундеслигт зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Хөлбөмбөгийн лигийн адилаар багийн жин тус бүрийн тамирчид долоо хоногт нэг барилдаан хийдэг ажээ. Манай тамирчин эхний барилдаанаа дэлхийн аваргын мөнгөн медальт Молдавын тамирчин Тулбитай хийх юм.

Гавьяат тамирчин Б.Наранбаатар Монгол Улсаа төлөөлөн анх удаагаа энэхүү лигийн тэмцээнд өрсөлдөх бөгөөд гол зорилго нь цаашид Монголын тамирчдыг энэ тэмцээнд оролцох гарцыг олж нээх явдал гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж