Гишүүд цалингийн нэмэгдлээсээ ичив

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Гишүүд цалингийн нэмэгдлээсээ ичив


УИХ-ын эрхэм гишүүд цалин нь нэмэгдэж , нэг сая 73 мянга 630 төгрөг болсонд бага зэрэг ичив. Гэхдээ ичсэ­ний учир ийм хэмжээний цалин авах гэж байгаадаа бус цалин нэмэх асууд­лыг УИХ-аар хэлэлцүүлж, тогтоол гар­гах ёстой процутер тэдний эгдүүг хүргэж. Багш эмч нарын цалин 50-100 мянган төгрөгөөр нэмэгдэж бай­гаа гомдол тасраагүй байхад УИХ-аар асуудлыг хэлэлцэн, хэн хэ­дэн төгрөгний цалинтай болж бай­гааг дахин зарласан нь ийн ичих шал­­таг болсон юм байна л даа. Тэд ца­лингаа 30 хувь нэмүүлэхгүй ээ гэж эсэргүүцсэн хэрэг биш, нэмэх асууд­лыг УИХ дээр өөрсдөө тойрч суугаад хэлэл­цэх нь өөрсдийг нь тэнэг болгож харагдуулж байгаа гэнэ ээ.

Мэдээж хэрэг, цалин нэмэгдэнэ гэж хэдэн сар хөөрөлхсөн төсвийн байгууллагынхан, эмч багш нар өнөөдөр гар дээр ирж байгаа нэмэгдлийнхээ хувь хэмжээг имрэн байж тоолохдоо, УИХ-ын эрхэм гишүүдийн “сансар”-ын мэт цалинг өөрсдийнхтэйгээ харьцуулаад санаа алдаж байгаа. УИХ-аар хэлэлцсэн асуудлыг хэвлэлийнхэн нэгд нэгэнгүй танилцуулах нь дамжиггүй учраас төсвийн байгууллагынхны гомдлыг дахин нэг сэдрээх нь гэж хууль тогтоогчид эрхгүй мэдэж байгаа учраас ичиж буй хэрэг л дээ. Засгийн газар төрийн дээд албан тушаалтнуудын цалинг УИХ-ын тогтоолоор батлах ёстой гэж тайлбарлаж байгаа. Харин үүнийг эсрэг  эрхэм хууль тогтоогчид төрийн дээдсүүдийн цалинг жичид нь авч үзэхээ болихыг шаардаж байна. Жичид нь гэдэг нь тусгай хангамж, өндөр цалин эдлэхээсээ татгалзаж байгаа хэрэг биш бөгөөд бусдын адил чимээгүйхэн нэмдэг байхыг л сануулж байгаа аж. Лав л бидний цалинг бүү нэмээч ээ гэж хэлэх нь сонсогдсонгүй. Угаас ч нэгэнт нийтээр ижил хэмжээгээр цалин нэмж байгаа учраас ингэж татгалзах нь ч учир утгагүй л дээ. Харин яг энэ өнцөг дээрээс үйлдвэрчний эвлэлийнхний зун, намаржин үглэсэн “тэгш” нэмэлтийн сүүдрийг эндээс харж болно. Өндөр албан тушаалтай, өндөр цалинтай хүмүүсийнх их нэмэгдээд, бага цалинтай үйлчилгээний голдуу ажилчдынх бага нэмэгдэж байна аа гэж тэд зөндөө л гомдоллосон. Бүгдийнх нь цалинг ижил  30 хувиар нэмэхэд ихийнх их, багынх бага л нэмэгдэх нь нэмэх, үржүүлэх үйлдэл мэддэг хэнд болов тодорхой. Гэхдээ хэний цалинг нэмэх нь ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг олж хараагүй, олж харахыг хүсэлгүй, дуугүй л 30 хувь гэсэн хамгийн хялбар аргыг сонгосныхоо горыг одоо эрхэм гишүүд харж байгаа биз.

Инфляцийг хөөрөгдөнө гэж болгоомжлуулж байсан ч цалин нэмсэн нь л гэдэг дүр эсгэхийг хүссэн гүйцэтгэх засаглалынхан ч та нарын цалин ийм болсон, харин багш эмч нар үүнийг сонсоод хэрхэх бол гэж даапаалах гэж УИХ-д оруулж ирсэн ч юм билүү? Цалин нь амьжиргаанд хүрэх нь бүү хэл, хөдөлмөрийн бүтээмжийнх нь үнэлэмж болж чадахгүй байна гэж төсвийн байгууллагын доод, дунд шатнынхан анх хүсэлт гаргасныг ийн бүхэлд нь нэмсний горыг дахин нэг сануулав. Уг нь асуудлын гол нь хэн ямар ажил хийгээд хэдэн төгрөгний цалин авч байна вэ гэдгийг харж зохицуулах л байсан болов уу. Гэтэл “ганцхан” сая төгрөгний цалин авах тогтоолоо батлах гэж эрхэм гишүүд ичиж, 100 хүрэхгүй мянган төгрөгөөр цалин нь нэмэгдсэн эмч, багш нар баярлаж суух. Энэ шударга явдал мөн үү?

Хэдийгээр төсвийн байгууллагынхан байнга цалин бага гэж гомдоллодог ч ам ангайх бүрт нь нийтэд нь хавтгайруулан нэмэх бус бүтээмжийн жинхэнэ үнэлэмжийг тогтоох нь л хэрэгтэй байгаа бус уу? Ядахдаа “ичдэг” заримынх нь цалинг ч хавтгайруулах нь төсвийг чинь чамгүй хонхойлж баймаар юм. Энд бас муу нэртэй үйлдвэрчний эвлэлийнхэн салбар, бүтээмжээр нь цалинг ялгавартай нэмэх хэрэгтэй гэж байсныг дахин сануулсуй. Ингээд эцэст нь “Ардын эрх” сонины өмнө нь энэ талаар хөндөж байсан сэдвээс ганц хоёрхон тоо, баримтыг дахин сануулья. Үүнд:

-Клиникийн эмнэлгийн хагалгааны сувилагч Л. –ийн цалин, бусад нэмэгдэл урамшууллын хамт 300 орчим мянган төгрөг. Үүнийг 30 хувь нэмбэл 390 төгрөг.  

-Дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С. –ийн цалин, цолны нэмэгдэл, анги даасны урамшуулалтайгаа 257 мянган төгрөг.  Үүнийг 30 хувь нэмбэл 334 мянга орчим төгрөг.

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэвэрлэгч Д.-гийн цалин 185 мянга. Цалин нэмэгдээд 240 төгрөг болно гэж “Ардын эрх” сонин есдүгээр сарын 22-ны өдөр мэдээлсэн бөлгөө. Тэд өдийд энэ цалингийнхаа эхний хэсгийг баярлан авсан биз.

А.ТУЯА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж