Улсын бүртгэлийн хэлтсийн гаргасан мэдээгээр Булган аймагт он гарснаас хойш өөр аймаг хотоос 984 иргэн шилжин ирсэн бол 1674 хүн шилжин явжээ. Өөрөөр хэлбэл, орон нутгаа орхин өөр нутгийг сонгосон хүн Булган хангай нутгийг зорин ирсэн хүнээс олон байгаа нь нэгийг бодогдуулж байна гэж болно. Уугуул нутаг нь иргэддээ “гологдов”, “уулын бугыг хараад” унасан газраа орхив уу? Арай л дүрвэж зугтаагүй байлтай.
Харин 346 иргэн нас барсныг бүртгэсэн бол 910 орчим хүүхэд төрснийг бүртгэснээс үзэхэд аймгийн хүн ам шинээр мэндэлсэн хүүхдээр өссөн дүнтэй байна. Тус хэлтсийн иргэний бүртгэлийн албаныхан энэ оны эхний гурван улиралд иргэний үнэмлэхний үйлчилгээг 5,7 мянган иргэнд үйлчилж, 460 гаруй иргэний овог нэрийг өөрчилж 116 хүний эцгийг тогтоон өгчээ. Мөн 147 хосын гэрлэлтийг бүртгэж, захиргааны журмаар 43, шүүхийн шийдвэрээр 18, нийт 61 гэр бүлийнхэн гэрлэлтээ цуцлуулсныг улсын бүртгэлийн мэдээллийн санд авсан байна.
Ж.Мөнх-Очир