Деми Мур цуглуулган дахь зургаа зарна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Деми Мур цуглуулган дахь зургаа зарна

Холливуудын нэрт жүжигчин Деми Мур уран зураг ихэд сонирхдог ба хувийн цуглуулгад нь олон ховор бүтээлүүд байдаг аж. Жүжигчин тэрхүү нандин бүтээлүүдийн нэг болох 19 зууны үеийн хоёр зургийг дуудлага худалдаагаар худалдахаар болсон тухайгаа мэдээллээ.

Уг дуудлага худалдааг урлагийн бүтээлийн дуудлага худалдаагаар алдаршсан Sotheby ордон хариуцан зохион байгуулахаар болсон байна. Уг ордны хэвлэлийн төлөөлөгч “Бид Деми Мурын хувийн цуглуулгад байсан Францын зураач Уильям Бугро болон Бельгийн зураач Альфред Стевенсын хоёр уран зургийг худалдаалах гэж байна. Энэхүү бүтээлүүд нь 19 зууны Евродын уран зургийн сор болсон бүтээлүүд юм. Дуудлага худалдаа ирэх арваннэгдүгээр сарын 4-нд Нью-Йорк хотноо болно” хэмээн мэдэгджээ.

“Зураач Уильям Бугрогийн бүтээлүүд миний амьдрал онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Би түүний домгийн мэт уран дүрслэл болон сонгодог шийдлүүдийн хоршилд маш дуртай. Түүний зургуудад эмэгтэй хүнийг дөлгөөн, амгалан байдлаар дүрсэлдэг нь надад их урам өгдөг” хэмээн Деми Мур ярьсан байна.

Эдгээр хоср зураг түүний цуглуулгад 15 жил хадгалагдаж байсан ба 178-200 мянган ам.долларын үнээр дуудлага худалдаанаас авч байжээ. Харин тэрбээр гэрийнхээ дотоод засал өнгө төрхийг өөрчлөх цаг болсон хэмээн үзэж дээрх хоёр зургийг зарахаар шийдсэн аж.

Уильям Бугрогийн "Frere et Soeur" зургийг зураач 1850 онд Италид аялж явахдаа зурсан бөгөөд энэхүү гайхалтай бүтээлийг 1-1,5 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн урьдчилан тооцоолоод байна.

Харин Бельгийн зураач Альфред Стевенсын "Mere et ses Enfants" бүтээл нь тэр үеийн засгийн газрын захиалгаар зурагдсан бүтээл юм. Уг зургийг 150-200 мянган ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж