Монгол Улсын Ерөнхий сайд иргэний нийгмийн төлөөллүүдийг хүлээн авч уулзах болжээ. Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдөр Иргэний нийгэм, ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм. Уулзалтын үеэр төрийн зохих чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад хариуцуулах талаар голлон ярилцлаа. Энэ талаар иргэний нийгмийн төлөөлөл буюу “Иргэний шударга шүүх”-ийн тэргүүн Х.Бат-Ялалт, “Монголын махны холбоо”-ны тэргүүн Л.Ганпүрэв, мөн “Иргэний алъянс” төвийн тэргүүн Ж.Занаа зэрэг хүмүүс санал бодлоо хэлсэн юм. Төрийн чиг үүргийг иргэний нийгмийн төлөөлөл буюу ТББ-д хариуцуулахад болохгүй зүйл үгүй, гол нь хэлэх биш хийдэг байх хэрэгтэй гэж Х.Бат-Ялалт онцолж байв. Харин УИХ-ын гишүүн асан Х.Хулан “Төрийн чиг үүрэг гэдэг нэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн чиг үүргийг ТББ-д хариуцуулах талаар ярьж байна. Гэтэл яг ямар ажил даалгах нь тодорхой бус, нөгөөтэйгүүр иргэний нийгмийн байгууллага буюу ТББ-ууд нь өөрөө тунгалаг бус байгууллага. Тийм учир төсвийн мөнгө хаашаа орж, юунд зарцуулагдах нь бүрхэг болж байна” хэмээн эгдүүцэж орхив.
Б.Алтансүх