Хамбын овоонд цогцолбор байгуулъя гэсэн ч тэд хөдлөхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Хамбын овоонд цогцолбор байгуулъя гэсэн ч тэд хөдлөхгүй байна

Бурханч лам Г.Пүрэвбатыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Үхлийн цалам. Энэ үгийг сонсоод “Монголчуудад маань баялгийн хараал нэгэнт хүрчихжээ” гэж бодлоо. Газар доорх баялаг биш, оюун санааны гажуудал биднийг яалт ч үгүй ийм гамшигт нэрвүүлжээ. Гэхдээ улс үндэстний мөхөл, хүний үхлийг цаламдаж болно гэж үү. Хэтэрхий оройтчихсон юм биш үү?

-Миний бичсэн “Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увидасууд” гэдэг номны тухай та ярьж байх шиг байна. Хүн төрөлхтөнийг өнө эртнээс үхлийн аймшигт цаламд барьсаар ирсэн дөрвөн хүч бий. Үүний уршгаар зарим улс үндэстэн мөхөж байсан юм. Архинд донтох, тамхи, хар тамхинд мансуурах, мөрийтэй тоглоом, буруу хурьцлын гэм хорыг Монголын мэргэд сэрэмжлүүлж, эдгээрт хэт донтож архагшсан бол гаргах, аврах арга замынх нь тухай айлдсан увидасуудыг эмхэтгэж бичлээ. Бид эх орон, соёл, шашны тухай яриад л байдаг. Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн, Монгол орон, хувь хүмүүсийг хамгаас аймшигтай хар хүчинд урвуулж, бариулж, улс орныг нийтээр нь дампууруулж байгаа бодитой асуудлууд бол энэ дөрөв. Эдгээртэй “байлдаж” чадахгүйгээр юуг ч цэвэр ариун байлгаж чадахгүй. Статистик мэ­дээллээр, Монголд үйлд­вэрлэж, импортолж байгаа согтууруулах ундаа насанд хүрсэн хүн бүрт 37 литр оногдож байна. Тэгэхээр үндэсний аюулгүй байдалд бодитойгоор заналхийлж байгаа аюулын харанга мөн биз. Гэр бүлийн салалт, хүчирхийлэл, ер муу муухай бүхэн л архинаас болж байна шүү дээ. Архигүйгээр найрлаж, цэнгэдэггүй, асуудлыг шийддэггүй байдал ёс мэт ноёрхлоо. Богд хаадын архины тухай айлдсан мундаг зарлигууд бий. 

Архинд хэт донтчихсон бол дуршлыг нь үгүй хийх аргууд, архийг рашаанд урвуулж байсан бясалгал, бүтээлүүд, хорт ундаанд оюун санаагаа эзэмдүүлэхгүй байх, тархинаас гаргах эртний увидасууд байсан. Архинаас гадна тамхи байна. Монголд хар тамхины аюул бодитойгоор нүүрлэлээ. Манж чин улс юуны учир мөхсөнийг та санаж байна уу. Хар тамхины хоёр удаагийн дайнаар л байхгүй болсон шүү дээ. Одоо хар л даа. Дундад Азийн зарим орон, Пакистаны иргэд хар тамхинд донтож, улс үндэстэн нь сүйд болж байна.

-VIII Богд Жэвзүндамба хутагт гэрээс зарлигтаа:

“Хятад, Орос улсын элдэв тамхийг
Гурван зоос хүрэвч хямд гэж бүү авч тат
Янз бүрийн архи зуун зоос хүрэвч
Хямд хэмээн бүү ав. Ууж үл болмой
Хэрэв авбал Хятад, Оросын хор хүрмүй
Хамаг газрын амьтан намайг гэж санаваас
Архи, тамхийг тас хорих хэрэгтэй
Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс
Хэл ам болж, тангараг эвдэрч  
Бузар буртагт явдалд холбогдох болно шүү

Ар халх та нар минь” гэжээ. Зарим хүн үүнд “Байдаг л зүйл, хэлдэг л үг байна” гэж хандах ч их гүрнүүдийн геостратегийн өнөөгийн бодлогыг Богд хаан зөгнөж хэлсэн мэт санагдлаа. Хүн амыг нь хорт зуршилд автуулна гэдэг генийн хорлол, тийм үү?    

-Архи, тамхи хүний удамшилд сөргөөр нөлөөлдгийг бүгд л мэднэ. Хүүхдийн биеийг эмгэгшүүлдэг. Нас барсан хүний биед тамхинаас болж, ямар айхтар өөрчлөлтүүд орсныг анагаах ухааны салбарынхан судалж тогтоолоо. Тиймээс бага насны хүүхдүүдэд архи, тамхийг тас хориглох хэрэгтэй. Тамхины үнэрээр хүний сүлд хийморь, тэнгэрүүд зайлж оддог. Монголчууд ажил үйлс нь бүтэхгүй байгаа хүнийг “Тэнгэр нь хаясан амьтан” гэдэг биз дээ. Энэ үг ийм учиртай юм. Тамхины утаа хүрэх төдийхөнд бурхан шүтээний аравнай, адислалууд зайлж, газар, лус гэмтдэг. Ийм аймшигтай. Сайн зүйлс нь зайлан одмогц тэр муухай үнэрийг хар хүчин, муу мэдээллүүд дагаж, тухайн хүнийг бүчиж, шавдаг. Хүмүүс ингэж л өөрөө өөрсдийгөө гутааж, хар хүчинд холбогдож байна. Монголчууд мөрийтэй тоглоомд донтох нь арай дэндлээ. Ихсээсээ эхлээд хүүхдүүд хоорондоо мөрий тавьж, бага насныхан олноороо Шар хадны эмнэлэгт хэвтэж байгааг бүгд л мэднэ шүү дээ. Гэхдээ энэ нь зөвхөн Монголын асуудал биш. Өмнөд Солонгост компьютерт донтох явдлыг төрийн бодлогоор зохицуулж байна. Ард иргэдээ донтолтоос аврах үндэсний хөтөлбөрийг төр нь хэрэгжүүлээд эхэлчихлээ. Гэтэл манай улсад бөх, мориноосоо эхлээд бүх зүйл бооцоотой. Үгүй, энэ чинь юу гэсэн үг вэ. Наймдугаар Богд мөрийтэй тоглоомыг хориглох тухай хууль гаргаж байлаа. Тэрбээр мөрийтэй тоглоомын гэм хорлолын талаар “Сарны гэгээн гэрэл” хэмээх сургааль айлдсан.

-Мэргэдүүд хэдий хорио цээр тавьж байсан ч Монгол Улс хар хүчинд хэдийнэ автчихсан. Одоо яах ёстой вэ. Өөрсдөө мэдсээр байж индианчуудын гашуун сургамжийг давтаж байна?

-Тувачуудын түүх ч мөн адил. Тэдний цалингийн талыг архиар тавьж байлаа шүү дээ. Индианчуудыг цөмийг нь архинд оруулж, удам угсааг нь юу ч үгүй болгож дууслаа. Хувь хүнийг хүртэл ингэж балладаг байсан. Улс орон, хувь хүнийг устгах, гартаа оруулж, хяналтдаа байлгах, барьцаалах гол “зэвсэг” энэ. Үлэмж их эд хөрөнгөтэй саятнууд ганцхан өдөр мөрийтэй тоглоод гудамжинд гарч байсан түүх бий. Үүнээс гадна буруу хурьцал гаарч байна л даа. Эр, эмийн зохист харьцаа алдагдлаа. Тийм учраас эхнэр, нөхөр хоёр хамтран амьдрах үүргээ мэдэх ёстой. Эр, эм болж төрсөн ёс суртахуунаа ухамсарлах хэрэгтэй. Юу юуг харгалзан үзсэний эцэст эр, эм харьцах ёстой юм бэ. Эдгээрийг сайн мэдэхгүйгээс хэт задгайрууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд огт хяналтгүй болсон. Аав, ээж нь үдшийн цагаар хүүхдүүдтэйгээ хамт зурагт үзэж чадахаа болилоо. Учир нь телевизээр аймшигтай зүйлсийг их нэвтрүүлж байна. Охид телевизээр буруу хурьцлыг бахархан сурталчлах нь ёстой дэндсэн хэрэг. Өөрсдөө тэр талаар мэдлэг маруухан байж, наана, цаана болоод хамаг цаг нөгцөөж байна. Эрээний гудамжийг монгол охид дүүргэлээ, тийм биз. Бодитой л асуудлууд шүү дээ. Гэхдээ энэ зөвхөн өнөөдрийн асуудал биш. Хүн төрөлхтөний оюуныг эрт цагт ч чилээж байсан сэдэв. Тиймээс эртний мэргэд хор уршгаас нь хэрхэн ангижрахыг номлосон байдаг. Хэрэв гэм хороос нь сэрэмжлэн “Гаръя” гэж бодохгүй бол өөрөө өөрийгөө үхлийн цаламд урхидуулж, нас богиносох, зуурдаар нас барах, есөн шидийн өвчин эмгэгт баригдана. Хүн л юм болсон хойно нэгэнт тийм болчихсон нэгнээ бид буруутгаж, үгүйсгэж болохгүй. Харин ч хайрлаж, аврах хэрэгтэй. Хүнлэг чанар, энэрэл нигүүлсэл гэж байдаг бол хэн нэгнээ муу зүйлээс ангижруулах нь хүн ёсны асуудал.

-Стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улс дэлхийд хамгийн сонирхолтой орнуудын нэг боллоо. Улстөрчид “Бид хөгжлийн салаа замын уулзварт ирлээ” гэдэг. Гэвч манай улс гүн ухааны ямар үзэл баримтлалаар хөгжих гээд байгаа юм бэ. Философичид, буддистууд яагаад энэ тухай дуугарахгүй байна вэ?

-Тийм ээ, бид эх түүхээ эргэн харах хэрэгтэй. Аливаа улс эрүүл саруул оршин тогтнох, тусгаар тогтнох хамгийн гол хүч нь үндэсний шашин, соёл юм. “Үндэсний соёл, уламжлалаа алдсан ард түмэн цэцэг, ногоо шиг мөхдөг” гэж ярьдаг. Соёлоо алдах л юм бол бусдын соёлд амархан уусч, худалдагдана. Ингэж үгүй болсон олон зуун үндэстэн, угсаатан бий. Манж чин улс өөр оронд ууссаныг “Соёл, оюун санааны уусалт” гэж болно. Энэ улс үндэстэн дахин хэзээ ч сэхэхгүйгээр түүхийн хөрснөөс арчигдчихлаа. Цөөн хүн ам, өргөн уудам газар нутаг, баялгийн арвин нөөцтэй Монгол орон бусдын арааны шүлсийг гоожуулж байгаа л даа. Үнэн хэрэгтээ 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр манайхыг улс үндэстнээр нь үгүй хийх бодлого хэрэгжсэн. Шашин шүтлэг, өв соёл, эх түүхийг бүгдийг нь үгүйсгэлээ. Азаар бусдын эрхшээлд яаж уусчихалгүй 1990 онд дахин сэргэсэн билээ. Тиймээс бид улс үндэстний хэв шинжийн дархлааг тогтоох хэрэгтэй. “Үндэсний шашин, соёл монголчуудын тусгаар тогтнолын гол багана” гэж би яагаад хэлсэн бэ гэвэл, соёл, шашин, түүхээрээ бид бусдаас ялгарах онцлогийг бүрдүүлж, дархлаагаа бий болгож байгаа юм. Энэ нь монгол туургатны эв нэгдлийн гол зангилаа болдог. Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол хэдий бусдын доор байгаа ч соёлоороо бид нэг туургатан. Монгол туургатнууд үүгээр амьсгалж “Монгол хүн шүү, бид” хэмээн бахархаж, эвлэлдэн нэгдэх учиртай. Монголчуудад маань ийм дархлаа байхгүйгээс дээр, дооргүй бусдын гар, хөл болж байна. Өөрийгөө болон улс үндэстнээ худалдаж байгаа. Бусдын соёлд өөрөөсөө гадна үндэснийхээ соёлоор найр тавих боллоо. Ийм хүмүүс Монголыг хар энергиэр дүүргэж байна. Сонгинохайрханы савдгийг дундуур нь хоёр хуваагаад уулын уруу руу шидчих жишээтэй. Баянзүрхийн овоог шатааж, савдгийнх нь толгойг хасуураар цуулж байна. Өөрөө өөрийнхөө соёл руу бусдын бодлогоор 1937 онд л ингэж дайрч байсан байх. Одоогоос 70 гаруй жилийн өмнө Коминтерний бодлогоор ийн хуваагдсанаас болж, монгол хүн өөрийнхөө гараар эцэг өвгөд, Алтан ургийнхнаа алж устгаа биз дээ. Мянга гаруй сүм, хийдээ устгасан байх аа. Улс үндэстний хувьд, том аюул нүүрлэсэн.        
  
-Тэр үед төр хүчгүйдэж, бас “сохорсон” байсан. Харин өнөөдөр төрийн хараа хэр хурц байна гэж боддог вэ?

-Төрийн бодлогоор албан ба албан бус боловсролын тогтолцоог нэн яаралтай ашиглаж, монгол хүнээ монгол хүн болгон төлөвшүүлэх, үндэсний дархлааг дахин сэргээх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад улс үндэсний соёл, шашнаа хуульчлан хамгаалдаг. Түүх, соёл, шашныг нь гүтгэж, мушгин гуйвуулсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж байна. Улс үндэстэн оршин тогтнох амин чухал үндэс нь энэ учраас арга ч үгүй юм. Чингис хаан ч гэсэн хэлсэн байдаг. “Улсыг эзэлье гэвэл хүнийг нь эзэл. Хүнийг нь эзэлбэл сэтгэлийг нь эзэмд. Сэтгэлийг нь эзэмдсэн бол бие нь хаачих вэ” гэж. Монголчууд XVI зуунд хагаралдан бутарч эхэлсэн. Үндэсний эв нэгдэл үгүй болж, өөр хоорондоо дайтаж, бутарч, жижгэрч Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдөн бөөн юм болж байлаа. Тэр үеэс монголчуудын оюун санааг нэгтгэх үзэл бодол хэрэгтэй болсон л доо. Дэлхийгээр нэг тарж, сайн, муу бүх зүйлийг үзчихсэн, ёстой хашрын хашир болсон монголчуудыг нэгтгэхэд үнэхээр сонгодог үнэний ухаан үгүйлэгдэж байсан юм. Тийм учраас Их хөлгөний очир тарнийн шашинд сонголт хийсэн. Ер нь монголчууд энэхүү шашнаас үеийн үед сонголт хийж ирлээ. Хубилай, Мөнх, Өгөөдэй хаан, тэр ч атугай Чингис хаан хүртэл энэ тухай гэрээсэлж байсан. Лигдэн хутагт хаан “Гаанжуур”, “Даанжуур”-ыг бүрэн эхээр нь монгол хэлнээ оруулж, улсын эрдэнэ болгон залж Их хөлгөний очир тарнийн шашныг монголчуудын оюун санаа, үндэсний эв нэгдлийн төлөө сонгосон шүү дээ. Хүн төрөлхтөний оргил болсон соёлоос ийнхүү сонголт хийсэн юм. Одоо үүнээс ухарвал оюун санааны асар их уналтад орно. Өвөг дээдэс, эх түүхээсээ урвасан болно. Бүх зүйлийг үгүйсгэнэ гэсэн үг. Гэтэл оюун санааны уналтад орсон үзэгдлийг өөгшүүлэн дэмждэг буруу ишилсэн сүх шиг хүмүүс олширлоо.

-Зөвхөн 1937 оны үед биш, түвд хүнийг Богд хаанаар өргөмжилснийхөө хор уршгийг монголчууд амссан гэдэг. Тэр үед Монголын хаад, Чингисийн Алтан ургийнхны булш, бунханг ухаж сүйтгэх үзэгдэл газар авч байсан тухай зарим түүхч ярих болжээ?

-Яг хэзээ юм бол?

-XIX зууны эхээр…

-Үгүй байх аа. Би мэдэхгүй юм. Азийн болон хүн төрөлхтөний эх соёл их сонин шүү дээ. Өөр улс руу уулгалан дайрахдаа бурхан шашныг нь устгадаг. Коминтерн ч гэсэн бурхныг нь устгаж, олон хүнийг толгой дараалан хөнөөсөн. Үүнтэй адил тухайн үндэстний оюун санааны сор болсон хүмүүсийг хөнөөх, хор өгч хордуулах, шүтээнийг нь бузарлах, бурхан тахилынх нь толгойг авах, өвөг дээдсийнх нь онгоныг үгүй хийж байлаа. Ингэж тухайн улс үндэстний эрхэмлэн хүндэлдэг зүйл, итгэл найдварыг сулруулж, сэтгэлийн дарамтад оруулан хийморийг нь доройтуулах арга хэрэглэдэг байсан. Үүний горыг бид ч гэсэн үзэж байгаа биз дээ. Хамаг юмаа устгуулчихаад сэргээн босгох гээд л явж байна. Мань мэт хүртэл сүм хийдээ сэргээх гээд толгойгоо гашилгаж байгаа.

-Та “1000 гаруй сүм хийдийг устгасан” гэж ярилаа. Долоон зуу гаруй гэж ярьдаггүй билүү?

-Тэр худлаа. Сүүлийн үеийн тооллогоор, 1000 гаруй сүм хийдийг устгасан байна. Өвөрмонголд 1800, Ар халхад 1000 гаруй сүм хийд байсан юм байна. Хорьдугаар зууны эхээр манай улс 100-аад мянга, Өвөрмонгол 150 мянган ламтай байсан. Түүнээс өмнө хэд байсан юм бүү мэд. Халимаг, Буриад, Тува гээд тооцож үзвэл өчнөөн зүйлийг ор мөргүй болгожээ.

-“Хамбын овооноос 1937 оны үед буудуулсан лам нарын шарил одоо болтол олдож байна” гэх юм?

-Тэнд л бөөнөөр нь устгасан юм шиг байна лээ. Ер нь 1000-аас доошгүй хүний шарил олдох байх. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний комисс гэж бий. Ном гаргаж, мөнгө төгрөг тараагаад л байдаг. БНСУ-ын Кванжу хотод 1980-аад эхээр цэрэг дайчилж, хүүхэд, насанд хүрэгчид нийлээд 600 гаруй хүнийг хөнөөсөн. Эл явдлын төлөө тус улсын төр ард түмнээсээ уучлалт гуйж, амиа алдсан хүмүүсийг нэг дор нутаглууллаа. Тэнд цогцолбор байгуулж, ийм эмгэнэлт явдал дахин гаргахгүй байхыг сэрэмжлүүлсэн. Польш, Герман ч мөн адил. Камбожид Пол Потын дэглэмийн үеийн аймшигт явдлыг санагдуулам цогцолбор байдаг. Гэтэл манай улсад тийм явдал болчихоод байхад төрөөс бодитой анхаарахгүй байна. Хувь хүний ажил шиг санаж, буруу солгойгүй дэмий юм солиорцгоож, үймүүлээд л. Тоглодог, тоглодоггүй юм гэж байна шүү дээ. Үүнийг ялгаж, салгаж мэдэхгүй ийм дампуурчихсан байдалтай байгаа. Би Хамбын овооны 17 га газрыг тусгай хамгаалалтад авч, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор байгуулъя гэж гүйгээд, гүйгээд тэд хөдлөхгүй байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр буюу жил бүрийн есдүгээр сарын 10-нд төрийн түшээд тэнд очиж, хүндэтгэл үзүүлэх ёстой атал Сонгинохайрхан руу давхиж, долоон хүний шарил дээр очдог. Гэсэн атлаа нөгөө долоон хүнээ гаргаж ирж оршуулаагүй байгаа юм. Алагдсан зэм дээр нь очиж “Юу болсон бол” гэж үзэж байгаа юм уу, шохоорхож байна уу, бүү мэд. Үнэхээр буруугаа хүлээж, цагаатгаж л байгаа юм бол байна уу, байхгүй юу гэдгийг нь шинжилж, мөн, бишийг нь тогтоогоод хүн ёсоор оршуулсны эцэст хүндэтгэл үзүүлэх ёстой биз дээ.

-Хамбын овооноос олдсон шарилуудын заримыг нь Хэлмэгдэгсдийн музейд аваачсан байх аа? 

-Би нууж хааж байж бүх толгой, хамаг зүйлийг нь авч үлдсэн. Тухайн үед ил гаргаж болохгүй байлаа. Шүүх эмнэлэг, Хэлмэгдэгсдийн музей зэрэг газарт тарааж байршуулсан. Төв аймгийн Борнуур суманд байгуулсан музейн маань нэг тасаг хэлмэгдүүлэлтийн үеийн эд зүйлээр дүүрэн байна. Тэнд 60-70-аад гавлыг шилэн хоргонд хийсэн. Шатаасан, эвдэлсэн бурхан тахил, ер нь тэр үед юуг юу болгож орхисныг харуулахуйц танхим байгууллаа. Уг нь энэ улсын ажил. Бид ажлынх нь эхлэлийг тавьж өгсөн. Яаж хийдгийг нь харууллаа. Хийх ёстой хүмүүс нь үргэлжлүүлэх ёстой. Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо байна. Дуугарвал дуугараад дугтарвал дугтарч явмаар байна шүү дээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах үндэсний комисс гэж том газар байна. Мөнгө байдаг л юм бол, буруугаа хүлээж л байгаа бол Хамбын овоонд хөшөө дурсгал босгоод өгчихөж болно биз дээ. Газар нь ч байна. Тэгвэл тэндээс олдсон баримтуудыг би музейд нь аваачиж өгнө. Контейнерт тэдгээрийг нь хайрцаглаж, хадгалаад л байгаад байдаг. Гэтэл авдаг, тоодог хүн байхгүй юм. 
 
-Шашны томоохон төлөө­лөлтэй уулзсаных бөөгийн талаар асууя. Өөрсдийгөө “Эзотерикчид” гэж нэрлэсэн хүмүүс “2012 онд Монголд тэнгэрүүд олноор бууж ирнэ” гэдэг. Зарим хүн өөрийгөө “Бөөгийн шашинтан” гэх боллоо. Бараг л айл болгоноос бөө төрж байгааг та юу эс андах вэ. Ер нь бөө гэж яг юу юм бэ? 

-Бөө бол шашин биш, мөргөл. Биедээ онгод оршоож бөөлдөг. Түүнээс биш бөөгийн гүн ухаан, судар ном гэж алга байна. Хэрэв бөөгийн шашин гэж яривал энэ нь хүн төрөлхтөний “Хүүхэд ахуй” үеийн л асуудал. Хүн төрөлхтөний оюун ухаан сонгодог болтлоо хөгжсөн энэ үед бөөгөөр гэгээрсэн бурхан гэж байхгүй байгаа биз дээ. Энэ бол оюун санааны уналтын асуудал. Тэр тусмаа биднийг ямар байгааг л харуулж байгаа хэрэг.

-Гандантэгчинлэнгийн Тэргүүн хамба гэж юу хийдэг хүн байна аа?

-Мэдэхгүй. Тэргүүн хамбаасаа л энэ тухай асуу.
 
-Та хамгийн дээд тал нь хэд хоног мацаг барьдаг вэ?

-Арав хоног л барина. Нэг, хоёр өдрийнхийг мацаг гэх нь ч хаашаа юм бэ. Байдаг л зүйл. Долоо хоногт нэг удаа шинийн найман, 15, битүүнд мацаг барьдаг. Энэ нь эрүүл орших, мацаг барих өдрөө дандаа сайн үйл хийх учиртай их зөв уламжлал байгаа юм. Одоо их сайхан дэлгэрч байна даа.

-Ном бичихийн хажуугаар зургийн сангаа хэр арвижуулсан бэ?

-Энэ бол миний байнгын ажил. Хүүхдүүдэд хичээл зааж байна. Энэ жилээс би сургуулиа Шашны их сургуулийн салбар болгон өгч байгаа. Төрийн бус байгууллагаа шавь нартаа шилжүүлж байна. Ирэх өвөл урлагийн онолоор таван ном бичихээр төлөвлөсөн. Тиймээс бусад ажилд зарцуулах цагаа багасгаж, хүмүүстэй уулзах цагаа цөөлсөн. Тэгэхгүй бол тэр том ажлын ард гарахгүй л дээ.  

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!   

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж