Л.Болд: Монгол олон улсын цэргийн ажиллагааны тэргүүлэгч 20 улсын нэг боллоо | News.MN

Л.Болд: Монгол олон улсын цэргийн ажиллагааны тэргүүлэгч 20 улсын нэг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Л.Болд: Монгол олон улсын цэргийн ажиллагааны тэргүүлэгч 20 улсын нэг боллоо

Дэлхийн халуун цэгт энхийг сахиулахаар ажиллаж байгаа цэргийн багийнхантай сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн онлайн уулзалт зохион байгуулж байх үед нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Л.Болдтой уулзаж ярилцсан юм.

 

-Энхийг сахиулагчидтай саяхан онлайнаар уулзалт хийсэн, ийм ажлыг байнга зохиодог уу?

-Халуун цэгт дарийн утаан дунд үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг эрсээ гэр бүл, үр хүүхэдтэй нь онлайнаар уулзуулах ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб анх удаагаа зохион байгуулж байгаа. Энгийн хүмүүс бол интернэт ашиглаад өдөр бүр холбогдох боломжтой байдаг бол манай цэргийнхний хувьд хаалттай байдаг. Тиймээс сар шинийн үеэр ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа нь цэрэг дайчиддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн чухал ажил боллоо.

Би өөрийн биеэр дайчидтайгаа уулзах бодолтой байсан ч цагийн байдлаас болоод төлөвлөгөөгөө хойшлуулсан. Тиймээс онлайнаар мэндчилгээ дэвшүүллээ. Үүний зэрэгцээ энхийг
сахиулагчдынхаа нийгмийн баталгааг хангахын тулд хууль эрх зүйн хүрээнд далайцтай ажил хийгдэж байгааг ч дуулгалаа.

-Та саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн Энхийг дэмжих ажиллагааны тухай хуулийг хэлж байна уу, энэ хууль гарснаар юу өөрчлөгдөх вэ?

-Тиймээ. Засгийн газрын үхэр жилийн сүүлчийн хуралдаанаар манай салбартай холбоотой хоёр чухал асуудал хэлэлцсэний нэг нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Энхийг дэмжих ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн явдал юм. Өнөөдөр үйлчилж байгаа Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийг 2002 онд манай цэргийн баг анх удаа олон улсын ажиллагаанд оролцох шаардлага гарах үед нилээд богино хугацаанд боловсруулан гаргасан байдаг.

Гэтэл өнөөдөр НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаан дахь манай зэвсэгт хүчний оролцоо тэр үеийнхтэй харьцуулшгүй өндөр түвшинд хүрчээ. Үүнийг дагаад шинэ харилцаа,
шийдвэрлэх асуудлууд ч гарч байна, өмнөх хуулинд дутуу үлдээсэн зүйл ч багагүй байна.

Тиймээс Энхийг дэмжих ажиллагааны тухай хууль гэж нэрнээсээ авахуулаад агуулга ч өргөжсөн шинэ хууль санаачилан өргөн барьж байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, З.Энхболд, Я.Батсуурь, Ц.Шинэбаяр, Х.Жекей нарт талархаж буйгаа энэ дашрамд хэлье. Товчоор хэлэхэд шинэ хуулийн төсөлд манай цэргүүд олон улсын ямар ажиллагаанд оролцох, оролцохгүйгээс эхлээд ажиллагаанд оролцох санхүүжилт, энхийг сахиулагч бие бүрэлдэхүүний цалин, хангамж, даатгалын асуудал шинээр тусгагдаж байна. Ингэснээр тэдний нийгмийн хамгаалал илүү баталгаатай болно. Мөн өмнөх хууль зөвхөн цэрэг, цагдаагийн албан хаагчдыг оролцуулах тухай байсан бол одоо энгийн хүмүүс ч эмч, инженерийн үүрэг гүйцэтгэж оролцох тохиолдлуудыг зохицуулна.

-Энэ жилийн хувьд манай цэргүүд хаана хаана үүрэг гүйцэтгэх вэ, шинэ ажиллагаануудад оролцож байгаа юу?

-Афганистан, Чад, Сиерра-Леоны ажиллагаанууд үргэлжлэн явагдана. Хааны эрэлд, Нүүдэлчин заан, Дархан, Төгс шийдвэр гэх мэт уламжлалт олон улсын сургалт, дадлагуудыг хийнэ. Эдгээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Ингэснээр цэргийн ажиглагчдаа оролцуулаад дөрвөн тивийн арав гаруй улсад манай цэргүүд үүргээ гүйцэтгэж байгаа юм. Үүн дээр нэмээд энэ жил шинээр хэд хэдэн ажиллагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ливан дахь НҮБ-ын мандаттай ажиллагаанд хамтран цэргийн баг илгээх хүсэлт Франц улсаас ирүүлснийг хэлэлцэж байна. Чад, Судан улсуудад цэргийн эмнэлгийн багийг илгээж энэ чиглэлээр ажиллах эхлэлээ тавихаар төлөвлөж байна. Мөн ОХУ-ын зэвсэгт хүчинтэй хамтарч терроризмын эсрэг болон энхийг сахиулах ажиллагааны шинэ сургууль хийхээр хэдхэн хоногийн өмнө тохиролцлоо.

-Та саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын урилгаар айлчлаад ирсэн гэсэн. Энэ сургалт, дадлагаас өөр ямар асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв?

-Хоёр талын цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсан үр дүнтэй айлчлал болсон гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Айлчлалын хүрээнд ярилцсан асуудлууд нь ингэж хэлэгдэхүйц өргөн хүрээтэй, шинэ чиглэлүүд байсан учраас тэр. Эдгээрээс онцолж хэлбэл манай агаарын довтолгооноос хамгаалах систем, цэргийн нисэхийн зэвсэглэл техникийг шинэчлэх ажлын эхлэлийг тавилаа. Энэ хүрээнд орчин үеийн зенит пуужингийн цогцолбор, радиолокацийн станц, сөнөөгч онгоцуудыг оросын талаас манайд нийлүүлэх талаар ярилцлаа.

Мөн түүнчлэн ОХУ-ын цэргийн хэрэгцээнд зориулан манай талаас мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэж үзсэн.

-Энэ өвөл 70 гаруй цэргийн албан хаагч нэгэн зэрэг ОХУ-д суралцахаар явсан. Ингэж олноор суралцуулах бодлого үргэлжлэх үү? 

-Айлчлалын хүрээнд яригдсан нэг чухал чиглэл нь энэ байсан. ОХУ-д суралцагчдын тоог одоогийнхоос ч нэмэгдүүлнэ, бусад улсуудад ч мөн адил. Ингэхдээ Оросын Зэвсэгт хүчний
жанжин штабын академи зэрэг стратегийн төвшний боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиудад монголчуудыг илүү олноор сургах, шинээр цэргийн эмч, инженер техникийн зэрэг мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэх тохиролцоонд хүрсэн.

-Инженер техник гэснээс энэ жил барилга инженерийн гурван ангийг шинээр байгуулахаар болсон гэсэн. Ийм нөөц бололцоо байгаа юм уу?

-Бид юуны өмнө дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглах шаардлагатай болж байна. Дээр нь улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт хийгдэнэ. Үүн дээр нэмээд гадаад
хамтын ажиллагааны боломжуудыг сайн ашиглаж чадвал зэвсэгт хүчинд төдийгүй улс оронд маань маш чухал хэрэгцээтэй байгаа барилга, инженерийн ангиудаа богино хугацаанд байгуулж дотоодын их бүтээн байгуулалт, стратегийн ордуудын ашиглалт болон гадаад ажиллагаанд оролцуулах бүрэн боломжтой.

Хэдхэн хоногийн өмнө л гэхэд бид манай яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яамдын хоорондын өнгөрсөн жил байгуулсан гэрээний дагуу 10 сая юанын өртөг бүхий барилга, инженерийн тоног төхөөрөмжүүдийг буцалтгүй тусламжаар хүлээн аваад байна. Үүнд автокран, битум тээвэрлэгч машин, гинжит бульдозер, универсаль трактор, экскаватор, зам тэгшлэгч, өрөмдлөгийн машин гэх мэт 11 төрлийн хүнд машин механизмууд байгаа. Эд бүгд шинээр байгуулах ангиудын маань үндсэн техникийн нэг хэсэг болох юм. Энд ажиллах инженерүүдийг гадаад улсуудад сургахаар эхнээсээ тохиролцож байгаагийн дээр дотооддоо хугацаат цэргийн албан хаагчдыг барилгын мэргэжилд сургах тогтолцоогоо ноднин бий
болгож эхлүүлээд байна.

-Барилгатай холбоотой өөр нэг асуулт байна. Манай зэвсэгт хүчний ангиудын барилгын доторх тохижилт, тав тух нэг л хүйтэн хөндий байдаг гэдэгтэй та санал
нийлэх үү?

-Тэр үнэн. Гэхдээ цэргүүд амьдардаг газар гэхээрээ л тав тух, тохижилтыг үл ойшоодог байж огт таарахгүй, харин ч эсрэгээрээ хамгийн тохь тухтай, бусдад үлгэр дуурайл болохуйц байх хэрэгтэй гэж би боддог. Энэ бол үзэгдэх байдал төдий биш цаанаа зэвсэгт хүчнийг, цэрэг хүнийг хүндлэх том агуулгын асуудал. Тиймээс би сайдын хувьд онцгой анхаарлаа хандуулж байгаа. Энэ жил л гэхэд зэвсэгт хүчний зарим ангийг гадаадын технологиор жишиг хотхон болгож хөгжүүлэх, бүх ангиудад хэрэгжих “Дээвэр” төслийг хэрэгжүүлэх гэх мэт ажил биднийг хүлээж байна.

Дээр нь ангиудынхаа өөрсдийнх нь санаачлага, хүчин чармайлтыг нь нэмэгдүүлэх зорилгоор Сайдын нэрэмжит шилдэг тохижилттой анги шалгаруулах уралдааныг зарлаад байна. Жилийн турш үргэлжлэх энэ уралдаанд түрүүлсэн ангийг 10 сая төгрөг, захирагчийг нь орон сууцаар, хоёр, гуравт орсон захирагчдыг гадаадад гэр бүлийн хамт амрах эрх, автомашин гэх мэт өндөр шагналаар шагнах болно. Энэ уралдааныг дагаж маш их бүтээлч ажил өрнөнө гэж бодож байна, тиймээс шалгаруулалтыг нь тусгай комисс газар дээр нь үзэж судалж байж хийнэ. Би өөрөө ч очиж үзнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би орон даяар байгаа зэвсэгт хүчний ангиудаараа бүгдээр нь орсон учраас харьцуулж харах зүйл ч бий.

-Та сая ОХУ-д айлчлахаасаа өмнө Лондон, Мюнхенд очиж олон улсын аюулгүй байдал болон Афганистаны асуудлаарх хоёр ч том хуралд оролцсон гэсэн. Ийм арга хэмжээнүүдэд оролцох шаардлага, ач холбогдол манай улсад үнэхээр байдаг юм уу?

-Гарцаагүй байгаа. Өнөөдөр бид дэлхий дахинд явагдаж байгаа олон улсын хамтарсан цэргийн ажиллагаануудад цэрэг илгээгч 20 том улсын нэг нь болсон байна. Үүгээрээ бид их гүрнүүдийн төвшинд байна гэсэн үг. Энэ хэрээр учирч болох эрсдэл нэмэгддэг.

Тиймээс дэлхий дахины болоод бүс нутгийн аюулгүй байдлаарх бодлого, төлөвлөгөөгөө хэлэлцэж ярилцдаг ийм уулзалтуудад оролцож байр сууриа илэрхийлж байх нь өнөөдрийн глобалчлагдаж буй цаг үед Монгол Улс өөрийнхөө аюулгүй байдлыг бэхжүүлж байгаа гол хэлбэр болдог юм.

-Лондонд болсон Афганистаны асуудлаарх хурал дэлхий дахины хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан. Таны саяны хариултаас ойлгоход монголчууд ч
анхаарч байх ёстой байж тийм үү? Ер нь тэндээс ямар шийдвэр гарсан бэ?

-Афганистаны асуудал гэдэг бол зөвхөн афганистанчуудын асуудал биш дэлхий дахины аюулгүй байдлын асуудал гэсэн үг. Ялангуяа тус улсад цэргээ илгээсэн цөөн улсын нэгболох Монголчуудын хувьд анхаарах л ёстой сэдэв гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Манай улсын хувьд тус бүс нутагт НАТО-ийн олон улсын ажиллагаанаас гадна АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд цэрэг оруулсан гарын таван хуруунд багтах улсуудын нэг л дээ.

Хурлын гол үр дүн гэвэл Афганистаныг дэлхийн халуун цэг, үргэлж улаан гэрэл асч байдаг газар биш болгох бодлогыг нь шинээр тодорхойлсон. Ингэхийн тулд зохих хөрөнгө мөнгийг нь гаргах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, Афганистаны төр засаг, үндэсний армийг чадавхижуулж бэхжүүлэх, тэдэнд хяналтыг шат дараатайгаар шилжүүлэх цаашлаад цэргийн ажиллагаа явуулж байгаа хэлбэрээ ч өөрчлөх бодлогыг зөвлөлдлөө.

-Тэгвэл Мюнхений хурал юугаараа онцлог байв?

-Энэ жил 46 дахь удаагаа зохиогдож байгаа Мюнхений бага хурал бол аюулгүй байдлын чиглэлээрээ Давосын эдийн засгийн чуулга уулзалттай адил төвшний арга хэмжээ юм. Оролцогчид нь хязгаартай бүгд урилгаар оролцдог учраас жинхэнэ бодлого тодорхойлдог хүмүүс нийлж суугаад олон улсын аюулгүй байдлын стратеги ярьдаг л даа.

Энэ жилийн хувьд гэвэл олон улсын эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийн цэрэг, улс төрийн нөлөө бүхий орон БНХАУ-ын гадаад бодлогын чиг хандлага, Европын болон даян дэлхийн аюулгүй байдлын ирээдүйн чиг хандлага, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэглэл хураах асуудал, Ираны цөмийн хөтөлбөр, Ойрхи Дорнодын аюулгүй байдал, НАТО-гийн өөрчлөлт шинэчлэлт, шинэ стратеги гэх мэт сэдвүүдээр ярилцлаа.

Миний хувьд Монгол улсын байр суурийг илэрхийлж оролцохынхоо хажуугаар ийм өндөр түвшний хүмүүс нэг дор цугласан боломжийг ашиглаж олон чухал уулзалт хийлээ дээ.

-Төгсгөлд нь таныг УИХ-ын гишүүний хувьд нэг асуулт асуумаар байна. Таны  санаачилсан "Баянмонгол" корпораци байгуулах үзэл санаа явсаар Хүний хөгжил сангийн хуулинд шингэж батлагдсан. Энэ сангаас одоо иргэдэд хишиг хүртээж байна. Цаашдаа иргэдэд хувьцаа эзэмшүүлж байнгын капиталтай болгох уу?

-Хүний хөгжил сангийн хуулинд тусгасан үе шатынхаа дагуу энэ ажил явах болно. Эхний удаад хишиг хувь хүртээж мөнгө олгож байна. Дараагийн шатанд энэ сангийн дэргэд стратегийн ордуудын төрийн мэдлийн хувийг эзэмшигч "Баянмонгол" компани байгуулагдана. Энэ компанийн хувьцааг ард иргэддээ эзэмшүүлснээр таны хэлснээр байнгын капиталтай буюу баян чинээлэг иргэдтэй болох үүд хаалга нээгдэнэ.

Магадгүй бар жилийн хамгийн чухал үйл явдал нь энэ байж Монгол Улс хөгжлөөрөө "бар улс" болох эхлэл тавигдах бизээ. Ер нь иргэд нь чинээлэг байж улс нь хүчтэй болохоос төр нь түрүүлж цойлоод бар болчихгүй. Тийм болохоор төмөр бар жилдээ олон түмэн маань Баянмонголынхоо хувийг эзэмшиж хангалуун чинээлэг амьдрах эхлэл тавигдаасай гэж ерөөмөөр байна.

Д.ДОЛГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж