Иргэн бүрийг Эрүүл мэндийн даатгалд хамруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Иргэн бүрийг Эрүүл мэндийн даатгалд хамруулна

Монгол Улс 2.7 сая хүн амтай, тэднээс 400 мянга нь Эрүүл мэндийн даатгалд огт хамрагддаггүй гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Харин Засгийн газрын төвшинд боловсруулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад зааснаар Монголын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах болж байна. Ингэхдээ заавал даатгал гэсэн ангиллаар даатгуулах аж.

Одоо мөрдөж буй хуулиар сайн дурын даатгал, заавал даатгал гэсэн хоёр хэлбэр хэрэгжиж буй. Харин шинэчилсэн найруулгад сайн дурын даатгал байхгүй болж, оронд нь давхар даатгалын тогтолцоо орж ирж буй юм. Энэхүү давхар даатгалын тогтолцоо нь манай улсын хувьд цоо шинэ хэлбэр бөгөөд өөрийн орны хөрсөнд буулгахдаа юуг нь соёолуулж, юуг нь үндсээр нь таслах вэ гэдгийг сайтар бодох шаардлагатайг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанд оролцсон гишүүд онцоллоо. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Англи, Америк, Герман зэрэг оронд давхар даатгалын тогтолцоо өнгөрсөн он жилүүдэд ид цэцэглэн хөгжжээ. Үүнийг даатгалын хувийн компаниуд хэрэгжүүлсэн юм байна. Гэвч одоо тэдгээр компаниуд олноор дампуурч байгаагаас Герман улс Эрүүл мэндийн даатгалын тухай хуульдаа өөрчлөлт оруулахаар шамдаж эхэлжээ. Иймд Монгол Улс энэхүү давхар даатгалын тогтолцоог хэрэгжүүлэхдээ болгоомжтой хандах зайлшгүй шаардлага бий гэнэ.

Нөгөөтэйгүүр, одоо үйлчилж байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 16 хүртэлх насны хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын мөнгийг төрөөс даадаг. Сард 500 төгрөг бол, жилдээ 6000 төгрөг болдог. Гэтэл ажил хөдөлмөр эрхлэгчдийн хувьд авч байгаа цалингийнхаа хэмжээнээс хамаарч, Эрүүл мэндийн даатгалд шимтгэл төлдөг хэрнээ түүндээ тохирсон үйлчилгээг авч чаддаггүй нь, цаашид зайлшгүй анхаарах асуудлын нэг болохыг гишүүд санууллаа. УИХ-ын гишүүн З.Алтай: “Шимтгэл төлөх болохоор мөнгө алга, нэг бол төрөөс дааж байгаа гээд суучихдаг.  Эмчлүүлэх болохоор бүгдээрээ шахам эмнэлэгт очоод хэвтчихдэг нэг хэсэг бий боллоо. Ямар эрхтэн нь өвдөөд хэвтчих вэ гэхээр “Зүгээр шахуу юм даа, яахав,  эм тариа хийлгээд авъя гэх хариулт өгдөг. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын шимтгэл тогтмол төлж байгаа иргэн нь эмнэлэгт хэвтье гэхээр ор олддоггүй, нөгөө төрөөс даалгадаг нөхдүүд эзэлчихсэн байдаг. Үүнийг шинэчилсэн хуулиар хэрхэн зохицуулах вэ. Дээрээс нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, Нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураадаг байцаагч нарыг нэг болгохгүй бол, гурван зэрэг оччихоод хувийн хэвшлийнхнийг дарамталдаг боллоо. Төрийн данхайсан бүтцийг байхгүй болгоё л гэх, ийм юмнаасаа цөөлөх хэрэгтэй. Зөвхөн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хураадаг 1200 шахам байцаагч байна гэлээ. Яагаад татварын байцаагч нь энэ гурван төрлийн шимтгэл, татварыг хариуцаад сан сан руу нь хуваарилчихаж болдоггүй юм. Ийм зүйлийг Засгийн газар санаачлаач ээ гэв.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Шимтгэл төлдөг нь төлдөггүйгээ чирч яваа нь яах аргагүй үнэн. Эрүүл мэндийн даатгалын санд жилдээ 80 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг. Үүнээс 10 орчим тэрбум төгрөгийг төрөөс олгодог. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 16 хүртэлх насны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зориулж олгодог гэж ойлгож болно.  Гэвч эмнэлэгт эмчлүүлэхээрээ төрөөс даатгалаа төлүүлсэн иргэн 200 мянган төгрөгийн үйлчилгээ авсан байдаг. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэдийн 58 хувь нь төрөөс даатгалаа төлүүлдэг хэсэг байдаг. Үнэхээр маш олон хүн хэвтэн эмчлүүлдгээс улсын эмнэлгүүдийн ачаалал ч дийлддэггүй, үүнийг дагаад олон бэрхшээл учирдаг. Шинэчилсэн хуульд аль болох энэхүү тэгш бус хуваарилалтыг өөрчлөх эрх зүйн заалтуудыг зарим нэг талаар тусгасан” гэсэн юм. Мөн шинэчилсэн хуульд зааснаар эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгт үйлчилгээ авсан иргэний эрүүл мэндийн даатгалын мөнгийг шилжүүлэх бол, чанаргүй үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт тухайн үйлчлүүлэгчийн даатгуулагчийн мөнгийг шилжүүлэхгүй. Энэ нь цаашдаа Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо чанартай үйлчилгээ руу шилжих алхам хийгдэхийг ч онцоллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж