“Тусгай салаа 2”-ын зураг авалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа 2”-ын зураг авалт эхэлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулсан МҮОНТВ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дуулиан одоо ч тасрахгүй хэвээр байна. Өнгөрсөн онд болсон “Гоо марал-2010” наадмаас тус кино “Телевизийн шилдэг бүтээл” номинацид тэргүүлж Гоо маралын эзэн болсон юм. Энэхүү олон ангит киноны үргэлжлэл бидний Цэргийн баяр гэж нэрлэж заншсан гуравдугаар сарын 18-ны өдрөөс дэлгэцнээ гарах гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тус киноны багийнхан маргааш зураг авалтаа эхлүүлэхээр болжээ. Тэд энэ удаад Монголын тусгай албаныхан хэрхэн ажилладгийг үзүүлэх бөгөөд “Тусгай салаа”-ны гол баатруудын таван жилийн дараах амьдралыг харуулах аж. Өөрөөр хэлбэл, өмнөх ангиараа үзэгчдийг байлдан дагуулсан Дэндэв, Сүлд, Түвшин нар үзэгчидтэйгээ дахин уулзана. Бяцхан нууц задлахад Сүлд сургуулиа төгсөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид тусгайгийн офицероор ажиллахаар ирдэг бол Дэндэв Төв аймгийн 016 дугаар ангид танкчин болсон байх гэнэ. Киноны уран бүтээлчид одоогоор үйл явдлуудаа бага зэрэг нууцалж байгаа. Учир нь киногоороо сюрприз барих гэж байгаа аж.
    Өмнө нь 60 анги бүтээл хийж байсан уран бүтээлчид үргэлжлэлийг нь 30 ангитай хийнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ удаад "Тусгай салаа" -ныхны таван жилийн амьдралыг нэг ангид багтаах бөгөөд бүрэн хэмжээний, өргөн дэлгэцийн уран сайхны кино хийж байгаа аж. Киноны зураг авалтын дийлэнх нь Төв аймагт хийгдэх бололтой.

    Г.Даша    

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж