Ө.Хэрлэнчимэгийн шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн шүүх хурал өнөөдөр болно

Улсын хэмжээнд өдөрт таван шүүх хурал хойшилж байгаагийн дөрөв нь өмгөөлөгчтэй холбоотой гэсэн судалгаа гарчээ. Энэ үзүүлэлтээс харахад жилд дундажаар 800 орчим шүүх хурал хойшлогддог гэсэн үг. Үүний дунд 20 настай Ө.Хэрлэнчимэг гэгч эмэгтэй 15 настай охин Б-ийн амь насыг хохироосон хэргийн шүүх хурал ч багтаж буй. Тодруулбал 2008 онд буюу одоогоос хоёр жил гурван сарын өмнө гарсан ноцтой гэмт хэргийн шүүх хурал таван удаа хойшилж хамгийн сүүлд зургаа дахь шүүх хурлыг энэ сарын 13-нд буюу өнөөдөр хийхээр товлосон юм. Хохирогч охины аав Ц.Гончиг “сэжигтэн Ө.Хэрлэнчимэгийн  өмгөөлөгч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй юмуу, ганцаараа өмгөөлөл хийхгүй гэх аар саархан шалтгаанаар хурлыг хойшлуулж  байгаа нь сэжигтэн этгээдэд ял завших боломж олгож, хэргийг замхруулах гэсэн оролдлого”  гэж хэлсэн байдаг. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, сэжигтэн Ө.Хэрлэнчимэгийн өмгөөлөгчийн ёс зүйгүй шударга бус үйлдлийг эсэргүүцэн өмгөөлөгчийн эрхийг нь түдгэлзүүлэх гомдлоо Өмгөөөлөгчдийн холбоонд  гаргасан.  Гэвч сэжигтний өмгөөлөгч н.Хүрэлсүхийн  өмгөөлөл хийх эрхийг түдгэлзүүлэх хангалттай шалтгаан байхгүй гэж үзжээ. Хохирогчийн аав  өнөөдөр болох шүүх хурлыг хойш­луулахгүйн тулд Сүхбаатарын талбайд суулт зарлахад  иргэд сэтгэлийн дэм  өгч, гарын үсгээ зурж байсан. Ц.Гончигийн өөрийнхөө хүсэл­тээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага, мэдээллийг түүний өмгөөлөгч н.Баасанхүүгийн зохион байгуулсан ажил, түүний өмгөөлөгч шүүх хуралд ёс зүйгүй үг хэрэглэсэн хэмээн өмгөөлөгчийн эрхийг нь түдгэлзүүлэх гомдлыг  Ө.Хэрлэнчимэгийн талынхан гаргасан юм. Гэвч түүнийг ёс зүйгүй хандаагүй хэмээн шүүхээс дүгнэсэн учир дээрх гомдолд өмгөөлөгч н.Баасанхүү тайлбар өгөхөөс татгалзсан аж. Өнөөдөр болох шүүх хурлын талаар хохирогч охины аав Ц.Гончигоос зарим асуултад хариулт авлаа.

-Таван удаа хойшилсон шүүх хурал өнөөдөр болох болов уу?

-Үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хэргийн эзэн холбогдогч тодорхой байхад үнэн зөвөөр шийдээсэй гэж хүсч байна. Гэвч гэдэс өвдлөө гээд Ө.Хэрлэнчимэгийн талаас нэг хүн шүүх хуралд ирэхгүй  бол дахиад хойшлогдоно. Жишээлбэл дөрөв дэх шүүх хурал болоход өмгөөлөгч н.Хүрэлсүх 11:30 цагаас болох шүүх хурлыг 14:30 гэж андуурсан гэх шалтгаан хэлсэн. Хамгийн сүүлд болсон шүүх хуралд өмгөөлөгчөө сольсон боловч  нэг хоногийн өмнө өмгөөлөгчөөр томилогдсон н.Тунгалаг хэргийн мате­риал­тай танилцаж амжаагүй учир шүүх хурлыг 10 хоногоор сунгах хүсэлт тавьснааар дахин хойшилсон юм. Одоо ч гэсэн шүүх хурлыг хойшлуулах ямар нэг арга олсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголын шүүхийг басамжилсан тийм зүйл болохгүй байгаасай гэж найдаж сууна.

-Хэрвээ энэ удаагийн шүүх хурал хойшилвол хаана хандана гэж бодож байна?

-Монголын төрийг доромжилсон хэрэг гэж үзэх учраас энэ хэрэгт төрийн тэргүүнийг оролцооч гэж хүснэ. Ганц хүний шүүх хурлын төлөө улсын ерөнхийлөгч  ирэхгүй гэж хэлж  болох ч шударга ёс гэж байна уу гэж төрийн тэргүүнээс би асуухыг хүсч байна.

-Таны өмгөөлөгчийн эрхийг түдгэл­зүүлэх гомдол гарсан гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Танил талгүй хүчин мөхөс намайг өмгөөлөгчгүй болгож, хэргийг өөрсдийн талд шийдэх гэсэн оролдлого гэдэг нь олон түмний өмнө тодорхой байгаа шүү дээ. Тэд манай  өмгөөлөгч н.Баасанхүүг шүүх хуралд ёс зүйгүй үг хэрэглэсэн, миний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрийн хүсэлтээр өгсөн ярилцлагыг өмгөөлөгч зохион байгуулсан гэх үндэслэлээр гомдолд гаргасан. Гэвч шүүхээс өмгөөлөгч н.Баасанхүү ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж үзсэн учир энэ асуудалд манай өмгөөлөгч тайлбар өгөх шаардлагагүй гэсэн юм. Ө.Хэрлэнчимэгийн талаас энэ асуудлаар дахин яриагүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралд манай өмгөөлөгч бүрэн эрхтэй оролцоно.

-Тав дахь шүүх хурлаас хойшхи хугацаанд хийсэн таны тэмцэл үр дүнд хүрч чадсан болов уу? 

-Үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ард түмний дуу хоолой болж чаддаг гэдгийг харлаа. Бас Сүхбаатарын талбайд суулт зарлахад олон түмэн надад дэм хайрлаж, гарын үсгээ зурж байсан. Харин зохих зөвшөөрлийг аваагүй учир энд сууж болохгүй гээд цагдаагийнхан хөөсөн л дөө. Энэ хэргийн тухай олон нийт хангалттай мэдээлэл авч байгаа.  Хэн нь буруутан бэ, хуулийн хариуцлага хүлээх вэ гэдгийг мэдэж байгаа болов уу. Ийм байхад шүүх хурлыг товлосон хугацаанд явуулж, гэмт хэрэгтэнд зохих шийтгэл хүлээлгэнэ гэдэгт  итгэж байна.

Шүүх хурал хэдэн ч удаа хойшилж болдог хуулийн цоорхойг ашиглан гэмт үйлдлээ нуун далдлах, ял завшиж буй хэргийн жишээ олон.  Нөгөө талаар шүүх хурал хойшлох шалтгаан болж буй өмгөөлөгчдөд шүүхээс хариуцлага тооцож чадахгүй байгаа нь бас нэг хүчин зүйл ч байж болох юм. Ингэж шүүх хурал сунжрах нь хохирогчдод чирэгдэл учруулах, залхах байдал үүсгэх, их хэмжээний зардал гаргах сөрөг байдлыг дагуулдаг. Гэвч 15 настай охиноо бусдын гарт алдсан Ц.Гончиг хуулийг уландаа гишгэж буй хүмүүст хатуу шийтгэл оногдуулахын төлөө эцсээ хүртэл явахаар шийдсэн. Өнөөдрийн шүүх хурал хэрхэн шийдэгдэхийг харах л  үлдлээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж